Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэд болон Солонгост суугаа нийт монголчууддаа зориулж “Нэг цэг” сэтгүүлийг гаргаж эхлээд байгаа билээ. Энэхүү “Нэг цэг” сэтгүүлийн дугаар бүр бүтнээрээ төвийн вэбсайтад нийтлэгдэж байх ба бид фэйсбүүкийн хуудсаараа сэтгүүл дэх мэдээллүүдээ цувралаар нийтэлж байна.
“Нэг цэг”ийн анхны дугаарын зочноор БНСУ-д анх хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаад ахисан түвшинд хүрч Е-9-өөс Е-7-4 визний ангилалд шилжсэн хөдөлмөрч залуу Т.Мягмарбаяр оролцлоо. Төвийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Ц.Мөнхцацралын хийсэн ярилцлагаас Т.Мягмарбаяр хэрхэн өөрийгөө хөгжүүлж, хичээсээр мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визнээс ур чадвартай ажиллах хүчний Е-7-4 виз рүү орж чадсаныг сонирхоорой.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцож байгаад баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1983 онд Ховд аймагт төрсөн. 2000 онд 10 жилийн сургууль төгсөж, 2005 онд Улаанбаатар хотод Эдийн засгийн үндэсний дээд сургуульд элсэж эдийн засгийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувийн хэвшилд ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллахаар бүртгүүлэн шалгалтанд тэнцэж 2009 онд Е-9 визээр БНСУ-д хөл тавьж байлаа. Анх Юнин хотноо хөлдүү махны зоорийн газар ачигчаар 5 жил тогтвортой ажиллаад Монгол буцсан. Эргээд тусгай нөхцлөөр Солонгос Улсад дахин ирж, 2018 онд Е-9 визнээс Е-7-4 виз рүү материалаа бүрдүүлж өгөөд тэнцсэн дээ.
-Мягмарбаярын хувьд ямар ямар шалгуураар оноогоо цуглуулж тэнцсэн бэ?
-Үндсэн шалгуурын жилийн орлого, боловсрол, солонгос хэлний мэдлэг болон нэмэлт онооны заалтуудаар оноо цуглуулж тэнцсэн.
-Солонгос Улсад олон жил ажиллаж амьдрахдаа төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Солонгос хүний онцлогийн талаар юу гэж боддог вэ? Манай зарим иргэд ёс заншил, зан чанарын онцлогийг нь сайн ойлгож мэдээгүйн улмаас ажил олгогчтой маргалдах, хөдөлмөрийн гэрээ цуцлагдах зэрэг асуудлууд гардаг?
-Миний бодлоор ихэнх солонгосчууд ямар ч хүнд анхны төрсөн сэтгэгдлээрээ ханддаг онцлогтой санагддаг. “Энэ сайн хүн” гэж бодохоороо их сайн хандана. Анх уулзахдаа л тааруухан сэтгэгдэлтэй болчихвол ерөнхийдөө л нэг тийм тааруу хандаад байдаг шиг. Тийм болохоор залуус бид анхнаасаа л харьцаан дээрээ сайн анхаарч, ажлаа аль болох хурдхан өөрийн болгож, сайн эзэмшихийн тулд хичээж чармайх хэрэгтэй юм билээ. Мэдээж, таньж мэдэхгүй хүмүүстэй хэл соёлын хувьд ч, зан харилцааны хувьд ч ойлголцохгүй зүйл их гардаг. Ажлын газар, амьдрах орчиндоо дасан зохицох амаргүй. Гэхдээ л өөрт байгаа бүхий л чадвар чадамжаа гаргаж, аль болох зөв харьцаж, үг дааж, элдэв занг нь тэвчиж байвал цаашдаа гайгүй болчихдог юм шиг санагддаг. Эхний 3 сарыг л тэвчээд, зөв эерэг ойлголт өгчихвөл цаашдаа дасан зохицоод болчихдог. Зарим үйлдвэрийн эзэд, захирлууд шинээр ирж байгаа ажилчдынхаа хувийн харьцаа, ажлын идэвх санаачилгыг нь харъя гэж бодож ханддаг ч байж мэднэ. Ойлголцоход хүнд хэцүү байдал гарсан ч тэр бүхнийг тэвчээд өнгөрөхөд аяндаа бүх зүйл гайгүй болоод ирнэ. Ажил ч хөнгөрөөд, харьцаандаа ч дасаад ирдэг.
-Солонгос Улсад гадаад, дотоодын иргэд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах журамтай. Би Е-7-4 виз рүү орсноор манай гэр бүлийн 3 гишүүн бүгд миний даатгалаар хамрагддаг болсон. Мөн албан тушаал дэвших боломжтой. Би визний ангиллаа сольж ахисан түвшинд хүрээд хэдэн хүн хариуцаж ажилладаг цехийн дарга болсон л доо. Үүнийгээ дагаад цалин хөлс бас тодорхой хэмжээгээр нэмэгддэг юм байна. Ажлын ачаалал гайгүй болохын зэрэгцээ хариуцлага илүү өндөр болсон гэх үү дээ. Хамгийн гол нь гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа нь үнэхээр сайхан.
-Е-7-4 виз рүү орохын тулд хэдхэн хоногт тулгаж байгаад бэлдвэл амжилт үзүүлэх боломжгүй. Эртнээс төлөвлөж бэлдэх нь зүйтэй. Е-9 визээр ажиллаж байхдаа л 2-3 дахь жилээсээ бэлтгэж эхэлсэн нь дээр байдаг. Солонгос хэлний сургалт болон бусад холбогдох сургалтанд хамрагдах, нэмэлт оноо авахын тулд урт хугацааны хуримтлал үүсгэх гэх зэргээр. Чиний хувьд хэрхэн бэлтгэсэн бэ?
-Миний хувьд хамгийн түрүүнд солонгос хэлээ дээшлүүлэх гарцыг хайсан. Хэлний мэдлэг дээр өндөр оноо авахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас зохион байгуулдаг солонгос хэлний Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөөд хэлний түвшин тогтоож, сургалтанд хамрагдсан. Ажлын хажуугаар сургалтандаа суусаар 5 дугаар түвшин хүртэл явж, тэнцээд сертификат авсан. Бас энэ сургалтанд заавал сууна гэхгүйгээр Топикийн шалгалт өгч болно. Гэхдээ Топикийн шалгалтын үнэмлэх 2 жил болоод хүчингүй болдог болохоор Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн шалгалтыг өгсөн байхад сертификат нь насан туршдаа хүчинтэй юм байна лээ. Мөн дансандаа тодорхой хугацаанд хуримтлал тогтмол хийснээр нэмэлт оноо авах боломж бий. Нэмж хэлэхэд дээд боловсрол эзэмшээгүй байсан ч бусад үзүүлэлтээрээ оноогоо цуглуулаад авах боломжтой шүү
-Манай залуус бүх зүйлийг сайн сайхнаар бодоод ирчихдэг. Ирснийхээ дараа урам хугарах, ажлын байр, амьдрах орчиндоо дасан зохицохгүй байх, ажил олгогчтойгоо ойлголцохгүй, ажлын байраа дахин дахин солих, тэг тэгсээр ажлын байр солих боломж нь дуусаад хууль бус болох явдал ч бий. Энэ нь эргээд иргэдэд өөрт нь сөрөг үр дагаврууд авчирдаг. Хэзээ баригдах бол гэсэн сэтгэл санааны байнгын дарамттай байх, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалууд байхгүйгээс үүсэх хүндрэлүүд ч их. Мөн хууль бус гэдгээр нь шалтаглаж зарим ажил олгогчид цалин мөнгийг нь өгөхгүй байх, ажлын байрны дарамт үзүүлэх зэрэг асуудлууд ч гардаг. Ажлын байр их сольдогтой холбоотойгоор ажил олгогчид монгол ажилчдыг сонгох нь багасаж, цаашлаад Е-9 визнээс хууль бус болж буй иргэдийн тоо нэмэгдэхээр АҮХНХЭГ-аас Монгол Улсад өгөх квотын тоонд хүртэл сөргөөр нөлөөлж байна.
Иймд хөдөлмөрийн гэрээгээр ирэхээр бэлтгэж байгаа болон шинээр ирээд ажиллаж байгаа залуустаа хандаж хэлэх зүйл байна уу?
-Нааш ирэх гэж буй залуус эрүүл бие бялдраас гадна сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд ирээд зорилготой байгаарай. Хэтэрхий сайхнаар төсөөлж болохгүй. Нэг л мэдэхэд хэдэн жил өнгөрсөн байдаг. Хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлоод ав. Тодорхой зорьсон зүйлтэй хүн тэр зорилгодоо хүрэхийн тулд маш сайн хичээдэг, цаг хугацааг ч зөв хуваарилж ашиглаж чаддаг.
-Улс орны эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байгаа энэ үед хоёр орны хэлэлцээрийн дагуу гэрээгээр ажиллах боломж байгаа нь залуусын ахуй амьдралд өгөөжөө өгч байна гэж боддог. Хувь хүн л өөрөө энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй. Орлого сайн ч өртөг өндөртэй газар санхүүгээ яаж зохицуулж байна?
-Дансандаа тодорхой хэмжээний хуримтлалаа үүсгээд явдаг. Зорилгодоо үнэнч байхаар энэ боломжтой зүйл. Дараа нь үр дүнгээ харах сайхан байдаг.
-Амжилтын хажуугаар алдаа, оноо байсан л байх. Алдаа дутагдалгүй хүн гэж ховор шүү дээ. Гол нь алдаагаа дахин давтахгүй байна гэдэг амжилтын үндэс гэж боддог?
-Ажиллахын хажуугаар амралтаараа бас хааяа найз нөхөдтэйгөө уулзаж, ууж идэх асуудал гардаг байсан л даа. Нэг удаа Е-7-4 виз авсны дараа бага зэрэг уучихаад дарвиад мотоцикльтой явж байгаад цагдаад баригдаж, өндөр торгууль төлсөн. Түүнээс сургамж аваад ахин архи согтууруулах ундаа амсахаа ч больсон доо. Одоо хуулийн заалт улам чангарсан. Жолооны үнэмлэхгүйгээр, эсвэл уучихаад жолоо барьж болохгүй.
-Тийм шүү. Хүн ер нь архи, согтууруулах ундааг хэтрүүлж
хэрэглэснээс л болж элдэв гэмт хэрэгт холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох гээд харамсаад баршгүй зүйлүүдэд өртдөг?
-Яг үнэн. Энэ тал дээр тантай санал нэг байна.
-Монгол иргэдэд үйлчилдэг ямар байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авдаг вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөсөө хамгийн түрүүнд авдаг. Мөн Гадаад ажилчдыг дэмжих төв, Иммигрэшний лавлах зэргээс зөвлөгөө мэдээлэл авдаг.
-Эх орондоо хэзээ буцах бодолтой байгаа вэ?
-Зорилгоо бүтээж, хэрэгжүүлээд удахгүй эх орондоо очоод ажиллаж амьдарна. Монгол хүн болж төрсөндөө баярлаж явдаг. Үргэлж дэмжиж, тусалж урам өгч байдаг аав ээж, хань ижил, үр хүүхдүүддээ талархаж явдаг даа.
-Танд баярлалаа.
Т.Мягмарбаяр бидэнтэй ийнхүү хөөрөлдсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ирж ажилласан олон мянган монгол залуусынхаа нэг тод төлөөлөл Т.Мягмарбаярт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваад нь баяр хүргэн “Хүндэт өргөмжлөл” гардуулсан билээ.
Е-7-4 визний тухай
Е-7-4 виз нь 2017 оноос БНСУ-д хэрэгжиж эхэлсэн ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз юм. Солонгос Улсад 5 жилээс дээш ажилласан Е-9, Е-10, Н-2 визтэй гадаад иргэн энэхүү визийг мэдүүлэх эрхтэй.
Харин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн, цагаачлалын албаны хуулийг 4-өөс дээш удаа зөрчсөн бол энэ визийг мэдүүлэх боломжгүй болно. БНСУ Е-7-4 визийг хэрэгжүүлэх гол зорилго нь гадаад ажилчдын хууль бус болох тоог бууруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг ур чадвартай ажиллах хүчнээр хангах, гадаад ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.
Жилд 1000 квоттой бөгөөд энэ нь дотроо ердийн, тусгай гэсэн 2 төрлийн квот байна. Үндсэн болон сонголтот шалгуураар оноо тоологддог. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдээс нийт 50 орчим хүн Е-9 визнээс Е-7-4 виз рүү ороод байгаа билээ.
Одоо Е-7-4 визний 2021 оны анхны улирлын ердийн квотоор сонгон шалгаруулах материал авах хугацааны талаарх мэдээлэл энэ 1 дүгээр сард hikorea.go.kr вэбсайтад нийтлэгдэнэ.
Та Т.Мягмарбаярын энэхүү ярилцлагыг доорх линкээр орж “Монгол хүний хөгжил” подкастаас үзэж болох юм шүү.