Өнгөрч буй 2020 онд БНСУ дахь ХНХҮТ-өөс олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд зарим ажлаас товч танилцуулж байна.
БНСУ-д Корона вирусын дэгдэлт онц байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрийн дагуу 03 дугаар сард болон 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Элчин сайдын яамны Консулын хэлтэст тогтмол ажиллаж 7,969 иргэнийг халдваргүйжүүлэн бүртгэж, нутаг буцах хүсэлт гаргасан 3,808 иргэний өргөдлийг шалгаж бүртгэлд хамруулав.
БНСУ-д оршин суудаг Монгол Улсын Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэдийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд сар бүр давхардсан тоогоор нийт 3,984 сайн дураар даатгуулагч иргэнийг хамруулж 225,892,800 төгрөгийн шимтгэл чөлөөлөлтийг хийж ажиллалаа.
2020 онд дэлхий даяар Корона вирусын халдвар онц аюултай байдалд шилжсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээт ажилчдад болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэддээ зориулж төвийн цахим хуудсаар СЭРЭМЖЛҮҮЛЭГ мэдээг тогтмол ЛАЙВ бичлэгээр шууд хүргэж, үүсээд байгаа онц байдлын талаар болон сэрэмжүүлэх үүднээс анхааралтай байхыг сануулж 238,469 иргэнд мэдээлэл хүргэж ажиллав.
2020 оны 08 дугаар сард Төвийн дарга Д. Баярмандах болон тус төвийн мэргэжилтнүүд Пусан хотын BESTIAN BUSAN эмнэлэгт очин үйлдвэрийн осолд өртөн хэвтэн эмчлүүлж буй хөдөлмөрийн гэрээт ажилчин Э.Хатансайханыг эргэн эмчлэгч эмч, үйлдвэрийн ослын даатгалын байцаагч нартай уулзаж үйлдвэрийн ослын даатгалаас ажилгүйдлийн эмчилгээ болон хагалгааны зардал 140,000,000 воныг шийдүүлэн, ажилгүйдлийн тэтгэмж цалингийн 70%-иар тогтоолгон одоогоор 5,800,000 воныг олгуулав.
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” гэсэн хоёр сэдвийн хүрээнд явуулсан сургалтанд төвийн бүх мэргэжилтнүүд хамрагдав.Мөн хөдөлмөрийн гэрээт иргэдэд сургалт хийхээр тохиров.
2020 оны 09 дүгээр сарын 29-нд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төв БНСУ-ын “Hanwha life asset” ХК-тай “Хамтран ажиллах Санамж бичиг” байгуулан, санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гэрээт ажилчид болон оюутнууд, эмнэлгийн G-1 визтэй иргэдэд Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй өвчлөл, мэс засал, эмчилгээ гэх мэт багц даатгалд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж нөхөн олговрыг олгуулахаар болов.
2020 оны 10 дугаар сарын 19-28-нд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад хамтын ажиллагааны төв, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй КОЙКА олон улсын байгууллагаас тэтгэврийн даатгалын талаарх сэдвийн хүрээнд хамтарсан цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн хэлтэс салбаруудаас бүрдсэн нийт 20 ажилтан албан хаагч, БНСУ дахь ХНХҮТ-ийн мэргэжилтэн оролцлоо.
Төвийн гадаад хамтын ажиллагааны үр дүнд БНСУ-ын “DKCostech” болон “King star” компаниуд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 40 мянган ширхэг амны хаалт хандивласан бол БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагуудаас БНСУ дахь ХНХҮТ-д сүүлийн үеийн үзүүлэлт, хүчин чадал сайтай 15 ширхэг иж бүрэн компьютерийг хандивлахаар боллоо.
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад хамтын ажиллагааны төвтэй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлсэн жил болов. БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад хамтын ажиллагааны төвийн зүгээс Монгол Улсын НДЕГ-тай хамтран ажиллах, ялангуяа мэдээлэл технологийн чиглэлээр эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх, эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
2020 оны байгууллагын зорилтын хүрээнд хөдөлмөрийн гэрээт ажилчнаар ирээд ахисан түвшинд хүрч амжилттай ажиллаж байгаа иргэдийн судалгаа хийж, Е-7-4 виз рүү шилжиж үлгэр жишээ ажилласан Т.Мягмарбаяр, Т.Есболат нарыг сонгож, “Монгол хүний хөгжил” цуврал подкастыг санаачлан хоёр дугаар бэлтгэн үзэгчдэд хүргэлээ.
Мөн нэгэн шинэлэг ажлыг эхлүүлсэн нь “Нэг цэгийн мэдээ” сэтгүүл бөгөөд бид сэтгүүлээрээ дамжуулан хөдөлмөрийн гэрээт иргэд болон БНСУ-д ажиллаж амьдран суугаа нийт монголчуудтайгаа мэдээ мэдээллээ хуваалцаж байх юм.