“ЦАГ САЙН БАРИМТАЛДАГ” ГЭЖ ОНЦЛОВ
2026-05-14
Тус төвийн албан хаагчид 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын Инчеон хотын Согу дүүрэгт байрлах DUOBACK үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдтэйгээ уулзан, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
DUOBACK үйлдвэр нь БНСУ-ын эргономик сандал үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг бөгөөд сандлын угсралт, эд анги үйлдвэрлэл, сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн ажлын орчин цэвэр, эмх цэгцтэй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь тогтсон системийн дагуу явагддаг бөгөөд ажилчдын аюулгүй байдал, тогтвортой ажлын орчныг чухалчлан анхаарч ажилладаг тухай үйлдвэрийн удирдлагууд танилцуулав.
Уулзалтын үеэр үйлдвэрийн орчинд ажиллан туршлага судалж, Монгол ажилчдын ажиллах болон амьдрах нөхцөл байдалтай танилцахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүй, байрлах орчин тухтай, ажиллах нөхцөл тогтвортой байгаа талаар иргэд сэтгэгдлээ илэрхийллээ.
Мөн үйлдвэрийн захирал Монгол ажилчдын талаар “Цаг сайн баримталдаг, хамтран ажиллахад таатай байдаг тул Монгол ажилчдыг тогтмол сонгон ажиллуулах хүсэлтэй тухайгаа онцлон дурдлаа.
Одоогийн байдлаар тус үйлдвэрт Монголын 3 иргэн тогтвортой хөдөлмөрийн гэрээгээр 4 болон түүнээс дээш жилийн хугацаанд ажиллаж байна.
Тус төвийн зүгээс үйлдвэрийн удирдлагад талархал илэрхийлж, цаашид Монгол ажилчдыг тогтмол сонгон ажиллуулж, дэмжин хамтран ажиллахыг хүсэв.

Screenshot