БНСУ- дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа холбогдох ажилтнуудын хамт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн баруун бүсийн Орчин эрүүл мэндийн төвд зочлон орчны эрүүл мэндийн засаглал, хамтын ажиллагааны зохицуулагч доктор Н.Энхцэцэгтэй уулзаж тус суурин төлөөлөгчийн газрын стратеги төлөвлөгөө, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нүүрлэж буй үер усны аюул, хүчтэй салхи шуурга, хэт халалт, ой хээрийн түймэр, зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд, далайн түвшний усны хэмжээ Ази номхон далайн бүсийн улс орнуудын хот, арал, суурин газруудад нэмэгдэж хүн амын өвчлөл, эрүүл мэнд, эко системд эрсдэл учруулж байна.
ДЭМБ-ын номхон далайн баруун бүсэд 38 улс, газар нутаг хамрагддаг бөгөөд тус төвийн үндсэн үүрэг нь гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ялангуяа орчны эрсдэлд хүчин зүйлүүдэд судалгаа хийх, тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээ, чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
Төвийн үйл ажиллагаа нь орчны эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн салбарын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, хот суурин газар, орон нутгийн түвшинд орчны бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулах, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэгт чиглэн үйл ажиллагаа явуулж буй талаар танилцуулав.