ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД ЮХАН ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАН “МОНГОЛ ХҮНИЙ ЯЗГУУР МӨН ЧАНАР, АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭН” ИЛТГЭЛ СОНСЛОО
2025-06-27
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улсад суралцаж буй иргэд, оюутан залууст зориулсан хөгжлийн хөтөлбөрийн анхны лекц “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн” илтгэлийг сонсож, тус илтгэл зохион байгуулагдсан БНСУ-ын Юхан их сургуулийн үйл ажиллагаа, амжилтын замнал, хэрэглээнд суурилсан боловсролын хөтөлбөр, ажлын байр луу чиглэсэн карьерийн дэмжлэгийн системтэй танилцлаа.
🔵 Юхан их сургууль нь БНСУ-ын эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон группийн харьяа сургууль бөгөөд энэ жилийг хүртэл гадаад оюутан элсүүлж байгаагүй сургууль юм.
🔵 Үүсгэн байгуулагч Ю Ил Ханы нэрээр нэрлэгдсэн энэ сургуулийн толгой группийн бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэгээний хамгийн сайн бодис Юханрагс, өвчин намдаагч түрхлэг Антипрүмин, хүүхдийн Хаггис памперс, Клинекс ариун цэврийн цаас, сальфетка гээд олон бүтээгдэхүүнээр нь манай улсын иргэд мэддэг. Харин их сургууль нь олон жилийн турш Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд мод тарих, Улаанбаатар хотын гэр хорооллын сургуулиудад засварын ажилд туслах, хүүхдүүдэд хичээл, тоглоом, к-поп урлаг заах зэргээр сайн дурын ажил хийж хэрэгжүүлж ирсэн бол энэ жилээс монгол оюутнуудыг элсүүлэх болжээ.
🔵 Тус сургуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд ч элсэн суралцаж мэргэжил эзэмших боломж байгаа тухай сургуулийн ажилтан танилцуулгын үеэр ярьж байв.
🔵 Сургуулийн үйл ажиллагааны танилцуулгын дараа оролцогчдод Олон улсын мэргэжлийн хөгжлийн институтын Ерөнхий захирал, Үндэсний брэндийн эксперт, Хүний нөөцийн аудитор, Үндэсний сургагч багш Б.Батгэрэл “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн” илтгэлээ тавьсан нь эх орноосоо хол ажиллаж, сурч амьдарч буй иргэдэд ихэд таалагдлаа.
🔵 Б.Батгэрэл багш энэхүү лекцээ Монгол Улсад 17 аймагт тавьсан бол гадаадад анх удаа БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлд сонирхуулж байгаа нь энэ юм.