БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2025 ОНЫ 5 ДУГААР САРД
2025-06-19
🔵 Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар нийт 332 иргэний санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, ажил олгогч эзэд болон холбогдох бусад байгууллагуудтай харилцан зөвшилцөх, эвлэрүүлэн зуучлах, гомдол барагдуулах, орчуулга хийх зэргээр шийдвэрлэн ажиллалаа. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан сэтгэл заслын үйлчилгээг 34 иргэнд үзүүлэв.
🔵 Үйлдвэрлэлийн ослын даатгал, олгогдоогүй хойшлогдсон цалин хөлс, оршин суух хугацаа дуусгавар болсны даатгал, үйлдвэрээс авах 13 дахь сарын цалин, нутаг буцах зардлын даатгал, эмнэлгийн төлбөр хөнгөлүүлэх зэрэг хэлбэрээр 45 иргэнд нийт 160,113,878 воныг олгуулав.
🔵 Солонгосын эмнэлгүүдийн “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх холбоо”-той хамтран Монгол Улсын 23 иргэнийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулж эмчилгээ хийлгэн, эм олгуулж, орчуулга хийн үйлчиллээ.
🔵 Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирэх 39 иргэнд ирэхээс өмнөх сургалтыг цахимаар зохион байгуулж, Өмнөд Чолла аймгийн Мугпу хот болон Чонжү хотод суугаа монгол иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлж 95 иргэнд хүрч ажиллав.
🔵 Төвийн удирдлагууд Гёнги аймгийн Сонь Жин хүнсний үйлдвэрт очиж гэрээт иргэдийн ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, санал бодлыг нь сонсож, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар сурталчлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.
🔵 Солонгост хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ажиллаж, амьдарч буй иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар хамруулах ажлын хүрээнд шинээр 47 иргэнийг хамруулж, 88 иргэнд Үндэсний тэтгэврийн албанаас чөлөөлөгдөх гэрчилгээ олгов.
🔵 Нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогод 98,075,012 төгрөг, сайн дурын даатгалын шимтгэлийн орлогод 135,392,295 төгрөг, нийт 233,467,308 төгрөгийг төвлөрүүлж ажиллалаа.
🔵 Ёжү хотын сургалтын төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн 38 гэрээт ажилчдад нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн тухай сургалт зохион байгуулж, 5 дугаар сард нийт 476 иргэнд мэдээлэл зөвлөгөө өглөө.