ГАДААДАД АЖИЛЛАЖ БАЙГААД ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ХУУЛЬД ТУСГАСАН ЗААЛТУУД
2025-06-10
Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг эх орондоо эргэн ирэхийг дэмжихтэй холбогдсон харилцааг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулдаг.
🔵Та бүхэнд энэ удаа Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд гадаадад ажиллаж байгаад эх орондоо буцаж ирэхэд дэмжлэг үзүүлэх талаар тусгасан заалтуудыг танилцуулж байна.
🔵“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулиас
20 дугаар зүйл. Монгол ажилтныг эх орондоо буцаж ирэхэд дэмжлэг үзүүлэх
20.1. Эх орондоо буцаж ирсэн монгол ажилтан ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, хөдөлмөр эрхлэхэд хууль тогтоомжид заасны дагуу дэмжих, төсөл, хөтөлбөрт хамруулах дэмжлэг үзүүлнэ.
20.2. Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, холбогдох Засгийн газрын тусгай сангийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
20.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангана.
🔵Хуулийн 20 дугаар зүйлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой тусгаж өгсөн.