Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-ын “Кимс” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвтэй бага болон өсвөр насны хүүхдийн хөгжлийн сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт төвийн дарга Б.Жаргалмаа, “Кимс” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвийн захирал Ким Гён Ын нар гарын үсэг зурав.
Талууд санамж бичгийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл өсөлт хөгжлийг дэмжих талаар хамтран ажиллаж мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцаж байхаас гадна олон талт арга хэмжээ зохион байгуулж, ажил хэрэг болгох юм.
БНСУ-ын “КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төв нь өдөрт дунджаар 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийг бүртгэлд хамрагдсан цагаас нь эхлэн насанд хүртэл нь дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Тус төвд хэл засал, сэтгэл зүй, зураг, хөгжим, дуу, хөдөлгөөн заслын гэх зэрэг нарийн мэргэшсэн эмч нар ажиллаж хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа “КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвийн хамт олонд тусгай хэрэгцээт хүүхэд, гэр бүлд тусламж, үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар цаашид хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийллээ.