Хөдөлмөрийн гэрээт иргэдтэй холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзалт хийлээ
2025-04-17
Энэ долоо хоногт БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Б.Жаргалмаа БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдтэй холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.
🔵Тухайлбал, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нутаг буцаж буй гадаад ажилчдад зориулсан гарааны бизнес эхлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “The bridge” ТББ-ын дарга Хван Жин Сольтой уулзаж тус байгууллагаас гадаад ажилчдад зориулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж саналаа илэрхийлэв.
“The bridge” ТББ нь хөгжиж буй орны иргэдийг “Дэмжлэг авч буй хүн”-ээс “Дэмжлэг өгдөг хүн” болох хүртэл эдийн засгийн хувьд бие даатал нь дэмжиж ажиллах зорилготой байгууллага бөгөөд гадаадад ажиллаад эх орондоо буцаж буй иргэдийг бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийг бэлтгэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тус байгууллага нь БНСУ-д ажиллаж буй гадаад иргэд эх орондоо буцсаны дараа ажилд орж чадалгүй хураасан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авах юмуу, аль эсвэл тодорхой зорилгогүй үрж дуусгаад ахин гадаадад ажиллаж, амьдрахаар явах тохиолдол их гардаг. Үүнээс үүдэн иргэдийн гадаадад ажиллах давтамж өндөр болж, гэр бүл салалт ихсэн, эх орондоо үлдэж хоцорсон гэр бүлийнхнийх нь амьжиргаагаа залгуулах чадвар буурч ядуурал нэмэгддэг сөрөг үр дагаврууд урган гарч байна гэдгийг Непал зэрэг улсуудад хийсэн судалгааны үр дүнгээр гаргажээ. Үүнийг шийдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлөх зорилгоор “The bridge” ТББ нь эх орондоо буцаж буй гадаад ажилчид руу чиглэсэн гарааны бизнесийн дэмжлэг олгох хөтөлбөрийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын захиалгаар 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр БНСУ-д ажиллах хугацаандаа эзэмшсэн ур чадвар, цуглуулсан хөрөнгө мөнгөө ашиглан эх орондоо бизнес эрхлэгч болон хөгжиж, ажлын байр бий болгохоос гадна нутагтаа суурьшин тогтвортой амьжиргаа бий болгох замаар гэр бүл, орон нутгийн тогтвортой эдийн засгийн суурийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа ажээ.
Төвийн дарга Б.Жаргалмаа тус байгууллагын удирдлагуудад хандан Филлипин, Камбож, Мьянмар, Непал улсын гадаад ажилчдад зориулсан “Гарааны бизнесийн сургалт”, Непал, Зүүн Тиморт хэрэгжүүлж буй “Гадаадад ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд зориулсан гарааны бизнесийн төсөл хүлээн авах хөтөлбөр”-үүдэд Монгол Улсыг оролцуулан хамтран ажиллах талаар санал тавьж, судалж өгөхийг хүсэв.
🔵Үүнээс гадна БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлага 4 дүгээр сарын 15-ны өдөр БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих холбооны Гадаадын ур чадвартай ажиллах хүчийг дэмжих хэлтсийн дарга Шинь Гван Чолтой уулзаж ярилцан ур чадвартай ажилтны визээр (Е-7-4) оршин суудаг, ажил хайж буй монгол иргэдийн ажлын байр хайхад зориулсан цэсийг тус байгууллагын цахим хуудаст шинээр нэмж байршуулахаар тохиролцлоо.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих холбооны Гадаадын ур чадвартай ажиллах хүчийг дэмжих хэлтэс нь БНСУ-ын ажиллах хүчний хомсдлыг бууруулах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд дотоодын 8 сая гаруй жижиг, дунд үйлдвэртэй хамтран ажилладаг, ур чадвартай ажилтны визээр оршин сууж буй гадаад иргэдийг жижиг, дунд үйлдвэрт зуучилж дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.