Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдав
2025-04-08
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа нар Гёнги аймгийн Чэчон хотод байрлах БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа ХАБЭАХЭГ-ын сургалтын чадамжийн төвд “Барилгын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажлын талбар дахь осол гэмтлийн төрлүүд, ослоос сэргийлэх, хамгаалах арга” сэдвээр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдав.
Сургалтын төвийн сургагч багш нар виртуал реалити (VR) ашиглан гадаад ажилчдад тохиолддог осол гэмтлийн жишээн дээр сургалтыг хийсэн нь бодит байдалд илүү ойр, үр дүнтэй боллоо.
Энэ сургалт нь хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг ээлжит сургалтын нэг бөгөөд талууд Солонгосын төвийн бүс, дагуул хотууд, Үлсан, Инчонд байрлах сургалтын чадамжийн төвүүдэд Монгол Улсын гэрээт ажилчдад аюулгүй ажиллагааны сургалт хийх, ХАБЭАХЭГ–аас зохион байгуулж буй 3-5 хоногийн аюулгүй ажиллагааны сургалтад төвийн мэргэжилтнүүдийг хамруулах, сургалт хийх эрх олгох, виртуал сургалт хийх, хөдөлмөрийн гэрээт иргэдэд төрөлх хэлээр нь сурталчлан таниулах мэдээллийн гарын авлага, видео бичлэг зэргээр хангах ажлуудыг зохион байгуулж байна.