Сөүл хотын Хөдөлмөр, халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцав
2025-04-04
Өнөөдөр буюу 2025 оны 4 сарын 4-ний өдөр Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга В.Түвшинжаргал, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа нар Сөүл хотын Хөдөлмөр, халамжийн төвд айлчлан тус төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдтэй танилцав.
Тус төвөөс уулзалтын үеэр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоотой холбоотой мэдээлэл хийлээ.
БНСУ нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж ажилласнаар,
🔵2010 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай (ILO) хамтран Азидаа тэргүүлэгч ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн
🔵2011 онд НҮБ-аас “Төрийн удирдлагын шагнал”-аар шагнуулсан
🔵2019 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн олон улсын байгууллагатай (OECD) хамтран хөдөлмөрийн мөлжлөг, хууль бусаар оршин суух гэх зэрэг олон асуудлыг шийдсэн
🔵2021 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай (ILO) хамтран EPS платформоор дамжуулан ил тод байдлыг нэмэгдүүлэх, ажилд зуучлах шат дамжлага, ажлын байрны зардлыг бууруулах, олгогдохгүй байгаа цалин хөлс, осол гэмтэл зэргийг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил бий болгосон.
🔵2023 онд Дэлхийн банктай хамтран ур чадвар багатай мэргэжлийн бус ажиллах хүчнийг хуулийн дагуу хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ажлын байрын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээг авчээ.
🔵Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд анх 2004 онд 6 улс хөдөлмөрийн гэрээгээр ажилчдаа илгээж байсан бол 2025 оны байдлаар 17 улс болж өргөжсөн байна.
🔵Мөн 2004 онд гадаад ажилчин авч ажиллуулдаг БНСУ-ын жижиг, дунд аж ахуйн нэгж 3,007 байсан бол 2024 онд энэ тоо 64,032 болтлоо өсжээ.
Сөүл хотын Хөдөлмөр, халамжийн төвийн хувьд БНСУ-ын нийслэлийн бүс нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцан ажилладаг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба, Ажилгүйдлийн тэтгэмжийн алба, Иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба, Аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх алба, Ажилчны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
🟦Тус төвд ажил хайгч, ажил олгогчдод зориулсан ганцаарчилсан уулзалтын өрөө, ажлын ярилцлага өгөхөд бэлтгэл хийх өрөө зэргийг ажиллуулдгийн зэрэгцээ төвийн 20 зөвлөх 1 жилд 2600 хүнтэй ганцаарчилсан уулзалт хийдэг.
🟦Мөн ажил хайгч, ажилгүй иргэний сэтгэл зүйн эрүүл мэндэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Иргэд сэтгэлзүйн дэмжлэг хөтөлбөрт хамрагдсанаар ажилгүйдлийг даван туулах чадвартай болдог аж.
🟦Ажилчны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ажил хайгч иргэнд 3 сая хүртэл воны сургалтын карт олгодог зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладагаа танилцуулав.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотын Хөдөлмөр, халамжийн төвтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.