Түгээмэл асуулт, хариулт

Боломжтой. Тус улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.7-д заасны дагуу нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулна.

2006 онд батлагдсан Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн Газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж буй иргэн БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас 9 жилийн хугацаанд чөлөөлөгдөх боломжтой. Харин БНСУ-д төлсөн шимтгэлийг Монгол Улсад төлснөөр тооцох зохицуулалт байхгүй.

БНСУ дахь ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын тасагт хүсэлтээ гаргах бөгөөд

  • Гадаад паспорт
  • Гадаад иргэний үнэмлэх
  • Ажиллаж буй байгууллагын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлэхэд болно.

Та бидэнтэй цахимаар болон утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.21.1, 21.21.2-т зааснаар нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн бол уг эхийн хүүхдээ 3 нас хүртэл асарч байх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Харин жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлнө. 50 хувийн хөнгөлөх шимтгэл нь тухай жилд мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээнээс /2024 онд 660,000 төгрөг-89,100 төгрөг/ тооцно.

Болохгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй” гэж заасан. Иймээс даатгуулагч нь ажил, хөдөлмөр эрхлэн албан журмаар даатгуулж шимтгэл төлж байгаа тохиолдолд сайн дурын даатгалд давхар даатгуулж шимтгэл төлөхгүй.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь өөрийн орлогын байдалд нийцүүлэн шимтгэлээ ямар хугацаанд төлөхөө нийгмийн даатгалд даатгуулах гэрээндээ тусгаж өгнө. Даатгуулагч шимтгэлээ сар бүр, улирлаар, хагас жилээр төлөх боломжтой.

Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын /жирэмсний 30-32 долоо хоног/ өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно. Харин жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эх эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор цахим, эсхүл цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад илгээнэ.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 өдөр, харин хорт хавдар, сүрьеэгээр анх удаа өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдөр байна.

Тэтгэвэр тогтоолгосны дараа гадаад улс оронд түр хугацаагаар амьдрахаар явсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг оршин сууж байсан аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэврийг гэр бүлийн итгэмжлэгдсэн хүнд олгож болно.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа нь 21 жил 9 сар бөгөөд түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар даатгуулагч нийгмийн даатгалын сангаас хоёр ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр тогтоолгон авах эрх зэрэг үүсвэл өөрт таатай нөхцөлтэй нэг төрлийн тэтгэврийг нэг удаа сонгож болно. Иймд даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох шимтгэл төлж ажилласан хугацааны болон насны болзлыг хангасан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврээ цуцлуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

бичиг баримтын хамт харьяа аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулж болно.

БНСУ дахь ХНХҮТ нь нийгмийн даатгалын асуудлаар болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой дараах асуудлаар үйлчилгээ үзүүлнэ:

  • Олгогдоогүй цалин хөлсний маргааныг шийдвэрлэж, цалин, хөлсийг олгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 
  • Цалин, илүү цаг, амралтын хөлсийг бодох, тооцоолох аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Самсунг даатгалын газраас 13 дахь сарын цалин болон нутаг буцах  замын зардал авах материалыг бүрдүүлэн, даатгалыг олгуулах, нутаг буцахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 
  • Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалингийн зөрүү бодолт хийх аргачлалыг танилцуулах, бодолт хийх, ажил олгогчоос нэхэмжлэн олгуулах
  • Үйлдвэрлэлийн ослын тухай, осолд орсон иргэнийг ослын даатгалд хамруулж, ажилгүйдлийн тэтгэмж болон нөхөн олговрыг олгуулах
  • Гэнэтийн ослын талаар мэдээлэл зөвлөгөө өгч, даатгалд хамруулж, нөхөн олговрыг олгуулах
  • Хөдөлмөрийн гэрээ сунгах /1 жил 10 сар/, тусгай болон тогтвортой нөхцөлөөр дахин ирэх, давтан гэрээ байгуулахтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Хөдөлмөрийн гэрээт иргэдийн хамрагдах даатгал /ЭМД, ГОД, ҮОД, НД/-ын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • БНСУ-ын Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газарт болон шүүхийн шатанд өргөдөл, гомдол гаргах асуудлыг шийдвэрлэх, Хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний төв, Хөдөлмөр халамжийн корпорац, Сөүлийн баталгаат цалингийн даатгалын газарт иргэний өргөдлийг дамжуулан өгч шийдвэрлэх
  • Визний ангилал солиулахад /Е9-өөс Е-7-4 виз рүү/ оноо цуглуулах, шилжих, Топик шалгалт болон Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх

Түүнчлэн

  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Бүх төрлийн аман болон бичгийн орчуулга хийх
  • Монгол иргэдийн сайн дураар нутаг буцах мэдэгдэл гаргах
  • ХурДан төрийн цахим үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Ажилтны цалин хөлсний маргааны асуудлыг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн асуудлыг хариуцсан хэлтэст хөдөлмөрийн байцаагч шалган шийдвэрлэдэг.

Мөн БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны https://labor.moel.go.kr/main/main.do цахим хуудасны “Олгогдоогүй цалин хөлсний талаар өргөдөл”/“임금체불 진정”-өөр дамжуулан өргөдөл гаргах боломжтой.

Шийдвэрлэх үе шат

  1. Хөдөлмөрийн байцаагч нь өргөдөл гаргагч болон өргөдөлд холбогдогч этгээдийн оролцоог хангаж шалгалт явуулах
  • Шийдвэрлэх хугацаа нь 25 өдөр (хагас сайн өдөр, нийтээр амрах амралтын өдрийг оруулахгүй) байх бөгөөд 2 дахь шат руу дамжих тохиолдолд сунгуулах боломжтой.
  • Өргөдөл гаргагч нь 2-оос дээш удаа хүрэлцэн ирээгүй болон өргөдөл гаргах үндэслэлгүй гэж үзсэн хэргийг дуусгавар болгоно (цаашид дахин өргөдөл гаргах боломжтой)
  1. Хөдөлмөрийн байцаагчийн шалгалтаар цалин хөлс олгоогүй зэрэг хууль зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд компанийн эзэнд засах шийдвэрийг өгч, хууль зөрчсөн үйлдлийг арилгасан тохиолдолд хэргийг дуусгавар болгоно.
  2. Засах шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт эхэлсний дараагаар прокурорт шилжүүлнэ.
  • Цалин хөлс олгоогүй ажил олгогчийг 3 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 30 сая хүртэл воны торгууль ногдуулна.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь цалин хөлсний асуудлаар ажил олгогчтой ярилцаж олгуулах, цалин хөлсийг ажил олгогч олгохгүй байх тохиолдолд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн асуудлыг хариуцсан хэлтэст өргөдөл, гомдол гаргахад дэмжлэг үзүүлж ажилладаг.

Иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн төвийн цахим хуудсаар болон өөрийн биеэр ирж өгөх боломжтой. Үүнд:  

– Хөдөлмөрийн гэрээ

– Дансны хуулбар

– ААН-ийн дэлгэрэнгүй мэдээлэл /ажлын газрын хаяг байршил, нэрийн хуудас/

– Ажилтны хувийн баримт бичгийн хуулга

– Гараар бичсэн өргөдөл

БНСУ-д оршин сууж байгаа гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлтэд холбогдох 140 гаруй хууль, зарлиг, журам үйлчилдэг. Эдгээрээс

  • Хөдөлмөрийн стандарт хууль, 
  • Гадаадын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль,
  • Үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн төлбөрийн тухай хууль,
  • Ажилтны ажлаас гарсны дараах тэтгэмжийг баталгаажуулах тухай хууль,
  • Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль зэрэг хуулиудын тодорхой заалтууд гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулсан байдаг.

БНСУ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгойлон анхаарал хандуулдаг ба гадаадын иргэд хэлний бэрхшээл, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан үйлдвэрлэлийн осолд өртөж байна. Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалд хамаарах дараах хууль тогтоомж үйлчилж байна.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль,
  • Үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн төлбөрийн тухай хууль,
  • Үйлдвэрийн хүнд осолд ял шийтгэл оногдуулах тухай хууль.

Үйлдвэрлэлийн осол гэж ажилчин нь ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж гэмтэх, бэртэх, өвдөх, амь насаа алдахыг хэлэх ба ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, ажилдаа ирж, буцах замын осол  зэрэг багтана.

БНСУ-ын хуулийн дагуу үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг үйлдвэрийн хүнд хортой, нөхцөлөөс хамаарч цалингийн 0,7-0,34 хувиар ажил олгогч хариуцан төлнө. Хууль бусаар оршин суугаа иргэд ч үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговор авах боломжтой.

Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын төрлүүд 

1. Эмчилгээ, сувилгааны төлбөр

2. Эмчилгээний хугацаанд олгогдох төлбөр

3. Сувилгааны нөхөн олговор. Эмчилгээ дууссаны дараа байнгын болон түр хугацаанд сувилгаа шаардлагатай, нөхөн олговор авах эрхтэй ажилчинд олгоно. 

4. Тахир дутуугийн нөхөн олговор. 1-14 зэргийн алинд хамаарч байгаагаас шалтгаална.

5. Хохирогчийн ар гэрт олгох нөхөн олговор, оршуулгын зардал

Хөдөлмөрийн гэрээний сунгалт 

– Хөдөлмөрийн гэрээт ажилчин нь анх 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ирэх ба 3 жилийн хугацаа дуусахаас 60-7 хоногийн дотор давтан гэрээ хийж болно. 

– Давтан гэрээ байгуулах эсэхийг ажил олгогч шийдэх ба  1 жил 10 сараар нэг удаа сунгаж болно.

– Хөдөлмөрийн гэрээг сунгасан тохиолдолд харьяа хөдөлмөрийн биржид гэрээг баталгаажуулан цагаачлалын албанд бүртгэл хийлгэж, оршин суух хугацааг сунгана.

БНСУ-д дахин ирж ажиллах тусгай нөхцөл

-3 жил эсвэл 4 жил 10 сараа дуусгаад хугацаандаа нутаг буцсан иргэн тусгай шалгалт өгч дахин хөдөлмөрийн гэрээгээр ирэх боломжтой.

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдрах хугацаандаа БНСУ-ын цагаачлалын албаны хуулийг зөрчиж байгаагүй, хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч байгаад нутаг буцсан иргэний мэдээллийг Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яамны харьяа Хүний нөөц аж үйлдвэрийн газраас тухайн улсын харьяа газарт нэрсийн жагсаалтаар илгээнэ. Ингэснээр тусгай шалгалт өгөх эрх үүсэх ба шалгалтын зарыг тухай бүр зарладаг. Ажлын туршлагатай тул илүү нарийн ажилд зуучлагдан өндөр цалин авах боломжтой.

БНСУ-д дахин ирж ажиллах тогтвортой нөхцөл

-Хөдөлмөрийн гэрээгээр анх ирсэн үйлдвэртээ тогтвортой 4 жил 10 сар хүртэл ажилласан бол ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ дахин  байгуулж ямар нэг шалгалт өгөхгүйгээр дахин ирж ажиллахыг хэлнэ.

-Тогтвортой нөхцөлөөр ирэх иргэн нь зөвхөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 1 сарын дараа хилээр ахин нэвтэрч өмнөх үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллах ба виз солих, гэр бүлээ урьж хамт амьдрах, шагналт цалин авах зэрэг давуу талтай.

– Ажилчнаас шалтгаалаагүй нөхцөлөөр ажлын байраа сольсон бол сүүлийн үйлдвэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жилээс дээш нөхцөлд тогтвортой нөхцөлөөр мөн ирж ажиллах боломжтой.  Мөн ажлын байр 1 удаа сольсон боловч нэг төрлийн /төрөл, ангиллыг Хөдөлмөрийн яамнаас тодруулах/ ажил хийж байсан бол тогтвортой нөхцөлөөр ирж болно.

2024 онд нийт илгээгч 16 оронд 165000 квот олгосон. Монгол Улсад 4261 квот олгосон бөгөөд 2024 оны эхний 11 сарын байдлаар 599 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирээд байна.

Е9 визээр ажиллаж байгаа мэргэжлийн бус гэрээт ажилтан ур чадвартай ажиллах хүчний оноот системийн Е7-4 виз рүү шилжиж болдог. Энэ виз рүү шилжихийн тулд тодорхой шаардлагуудыг хангаж, оноо бүрдүүлэн виз мэдүүлдэг. 2024 онд Е7-4 виз рүү 35000 гадаад иргэнийг шилжүүлнэ.
Тавигдах шаардлагад
-Хөдөлмөрийн гэрээгээр 4-өөс дээш жил ажилласан байх
-1 сая воноос дээш торгуульгүй байх зэрэг шаардлагууд орно.
Үндсэн оноог нас, солонгос хэлний мэдлэг /2026 он хүртэл хэлний оноогүй ч виз мэдүүлж болохоор журамласан/, орлого тус бүр багадаа 50 оноо авч, бусад нэмэлт оноонуудыг нийлүүлээд нийт 300 оноо авахаас 150-иас дээш оноо авсан тохиолдолд визний хүсэлт гаргаж болно.
– Бүртгэлийн хугацаа: 2026 он хүртэл
– Өргөдөл гаргах хэлбэр: Цахимаар өргөдөл гаргах ба онцгой тохиолдолд биеэр очиж болно.

Гадаадын ажилтныг ажиллуулж байгаа ажил олгогч нь гадаадын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд заасны дагуу 4 төрлийн даатгалд заавал хамруулна.

  • Ажлаас гарсны дараах (тэтгэмжийн) даатгал-(Ажил олгогч төлнө)-сар бүр үндсэн цалингийн 8.3%
  • Цалингийн дампуурлын даатгал (Ажил олгогч төлнө)- жилд 1 удаа 15,000 вон
  • Нутаг буцах зардлын даатгал (Ажилтан төлнө)-1 удаа 500,000 вон
  • Гэнэтийн ослын даатгал (Ажилтан төлнө)-жилд 1 удаа нас, хүйс харгалзан ойролцоогоор 12,000-20,000 вон

Түүнчлэн 4 төрлийн БНСУ-ын нийгмийн даатгалд хамрагдана. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгал (Ажил олгогч 3,545%, ажилтан 3,545% нийт 7,09%)
  • Үйлдвэрийн ослын даатгал (Зөвхөн ажил олгогч төлнө)
  • Хөдөлмөрийн даатгал буюу ажилгүйдлийн даатгал (ажил олгогч 0,9%, ажилтан 0,9% нийт 1,8%)
  • Тэтгэврийн даатгал (ажил олгогч 4,5%, ажилтан 4,5% нийт 9%) 

Хууль бусаар оршин сууж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд нөхөн олговор авах боломжтой.

Хууль бусаар оршин сууж байгаад хөдөлмөрийн харилцаанд орж цалин хөлсөө авч чадаагүй юмуу 13 дахь сарын цалингаа авч чадаагүй тохиолдолд авч чадаагүй цалин хөлсийг нэхэмжлэх боломжтой.