Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүдийг төрөлх хэлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ дахь Монгол хэл бичиг, соёлын төв НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд монгол хэл, соёлын сургалтыг амралтын өдөр буюу ням гараг бүр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд хичээллүүлэхээр болсон билээ. Энэхүү сургалтын нээлт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сөүл хотын захиргааны байранд боллоо.
Монгол хүүхдүүд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлоо өвлөн эзэмших эрхийг хангах зорилгоор хилийн чанадад хэрэгжүүлж буй уг арга хэмжээг дэмжиж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир цахим мэндчилгээ ирүүлэв. Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас “Хилийн чанадад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Боловсролын хорооны дарга Ө.Оюунтүлхүүр, Белгийн Хаант улсаас багш Ш. Чимгээ, Япон улсаас багш Б.Дэнсмаа, Нидерланд улсаас багш Д.Энхтуяа нар цахимаар холбогдон хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт ерөөлөө.
БНСУ-д амьдарч байгаа монгол хүүхдүүд хамтдаа “Монгол хүүхдийн эрхэмлэх 9 зүйл”-ийг хэлж, сурагч М.Булган Ч.Чимэдийн “Би монгол хүн” шүлгийг уншиж сонирхуулав. Мөн зохион байгуулагчид энэ үеэр хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжилтэй холбоотой мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өглөө.