БНСУ-д оршин сууж, ажиллаж амьдарч буй гэр бүл, иргэдэд хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн харилцаа, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ хүргэх зорилгоор “Монгол гэр бүл” нээлттэй өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 26-ны бямба гарагт зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Өдөрлөгийн үеэр Монгол-Солонгосын байгууллагуудын төлөөллүүд хүүхэд хамгаалал, хүүхэд-гэр бүлийн нийгэм сэтгэл зүй, харилцааны асуудлуудаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн өдөрлөгт ирснээр “Миний гэр бүл” сэдэвт зургийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлтэй танилцан, “Намү” төв, Монгол сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхох юм.
Өдөрлөгт оролцогчдод зориулж гадна талбайд “Монгол гэр бүл” өртөө үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү өртөө үйлчилгээгээр иргэдэд хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн болон хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Хүүхэд хөгжлийн өртөө”, “Монгол ёс заншил, урлагийн өртөө”, “Худалдаа, үйлчилгээний өртөө” зэрэгт хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах, монгол-солонгос номын худалдаа, солилцоо, Монгол-Солонгос хэл бичиг соёлын төв, Оюун ухааны академийн үйл ажиллагаа, уран бичлэг, монгол наадгай хөлөгт тоглоом тоглох, гэр бүлийн дурсамж-фото агшин, хоолны худалдаа, кофе, цай хөнгөн зуушаар үйлчлэх учир БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд та бүхнийг бямба гарагийн амралтаа “Монгол гэр бүл” өдөрлөгт хүрэлцэн ирж оролцон үр өгөөжтэй өнгөрүүлэхийг урьж байна.
“Монгол гэр бүл” өдөрлөгийн ерөнхий мэдээлэл:
Хэзээ: 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр /бямба гараг/
Хаана: Сөүл хот, Солонгос дахь Монгол сургуульд (서울 광진구 광장로 1 (광장동) 재한몽골 학교)
Оролцогч: Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Гёнги аймгийн хойд бүсийн өргөмжит консул, Сөүл хотын гэр бүлийн төв, Сөүл хотын цагдаагийн газар, Сөүлийн гадаад иргэдийг дэмжих төв, Сөүлийн глобал өсвөр насны залуучуудын боловсролын төв, Ганнам глобал төв, БНСУ дахь Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсын иргэд оролцоно.
Лавлах утас: 02-2266-8228, 02-2266-9229