Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа Консулын газраас 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дэгү хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэв. Энэ арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, “GME” мөнгөн шилжүүлгийн компани, “Лохас” хууль зүйн товчоо зэрэг байгууллага хамтран оролцлоо.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 52 иргэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны солонгос-монгол үг хэллэг бүхий гарын авлага тарааж, 38 иргэнд сэтгэл зүй, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Үйлчлүүлэгчид Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд санаа тавьж, мэргэжлийн сэтгэлзүйч томилон ажиллуулж буйд талархсанаа илэрхийлж байлаа.