2024 оны 5 сарын 30-ны өдөр Сөүл хотын Хөдөлмөрийн биржээс үйл ажиллагаагаа танилцуулах уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга П.Батхүлэг, мэргэжилтэн А.Лхагвамаа нар оролцов.
Сөүл хотын Хөдөлмөрийн бирж нь “Ажлын байраар хангах ерөнхий газар”, “Ажилгүйдлийн тэтгэмж олгох газар”, “Ажил олгогч нарыг дэмжих газар”, “Ажил мэргэжил ур чадварын газар”, “Иргэдийг ажлын байраар дэмжих газар” гэсэн 5 газар, 17 тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох, ажлын байртай холбоотой мэдээллээр хангах, ажил мэргэжлийн ур чадварыг шинжлэх, сэтгэл зүйн асуудлаар зөвлөн туслах, хувь хүний онцлогт тохируулж ажлын байранд зуучлах, ажил хайгчийг ажлын байртай болох баталгааг хангасан цогц үйлчилгээ зэргийг үзүүлж байна. Үүнээс гадна ажил олгогчдод хэрэгцээтэй ажиллах хүчинг зуучлах, бүртгэл хийх, ажил хайгчийн анкетад мониторинг хийж зөвлөгөө өгөх, ярилцлагад бэлтгэх, ажил олгогч, ажлын байрны өдөрлөг зохион байгуулах зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Гадаад иргэд ч эдгээр үйлчилгээг визний ангиллаас шалтгаалан авах боломжтой.
Тус хөдөлмөрийн бирж нь иргэдийг ажлын байраар хангах, ажил олголтыг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сөүл хотын “Хүүхэд залуучуудын ажлын байрыг дэмжих төв”, “Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих төв”, “Дунд болон урт хугацааны ажлын байрыг дэмжих төв”, “Иргэдэд нэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төв” зэрэг өөр бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг бөгөөд эдгээр төвүүд нь Сөүлийн “Хөдөлмөрийн бирж”-ийн байранд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Сөүл хотын хөдөлмөрийн биржийн утасны дугаар: 02-2004-7301
Сөүл хотын хүүхэд залуучуудын ажлын байрыг дэмжих төвийн дугаар: 02-731-9599
Сөүл хотын хөдөлмөрийн биржийн хаяг: 서울시, 중구 삼일대로 363 장교빌딩