ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Солонгос дахь Монгол сургуулийн багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг товч танилцуулж, төвийн сэтгэл зүйч “Ажлын байрны стресс”, “Хүүхэд стрессдэг үү?” сэдвээр багш, ажилчдад сургалт хийв.
Энэ үеэр тус сургуулийн сургалт, хүмүүжил хариуцсан менежер Хан Инь Гён “Гадаадад оршин сууж буй хүүхдийн эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт их хэрэгцээтэй байдаг. Гэр бүлүүд хэл, соёлын ялгаанаас болж дасан зохицохтой холбоотой олон асуудалтай тулгардаг. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал ч тулгарах нь бий. Ийм үед төрөлх хэлээр нь сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах нь маш чухал” гэдгийг онцлон хэлж байв.
Монгол сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 12 бүлгийн 300 гаруй хүүхэдтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай төв тус сургуультай хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтран ажиллах юм.