Ирээдүйгээ гэрэлтүүлэх сайхан зорилго өвөрлөн Солонгост ирсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч олон мянган монгол залуусын нэгтэй уулзаж ярилцлаа. Түүнийг Э.Тэмүүжин гэдэг. Эцэг эхээс хоёулаа, нэг эрэгтэй дүүтэй. Өнөөдөр тэд хоёул БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Э.Тэмүүжинтэй ах дүүс хоёулаа хөдөлмөрийн гэрээгээр ирэхэд хүндрэлтэй байсан уу, энд ажиллаж амьдрахын давуу тал болон бэрхшээл юу байна, нааш ирсэн замналаа монгол залууст туршлага болгон хуваалцаач, эх орны тухай бодол, эргэж очоод хийх ажил гээд олон зүйлийг хөндсөн товчхон ярилцлага хийснээ сонирхуулъя.
-Намайг Эрдэнэчулууны Тэмүүжин гэдэг. Одоо 30 настай. Солонгос улсад 2016 онд ирсэн, найман жил орчим болж байна. Ирсэн цагаасаа одоог хүртэл хүнсний жижиг савлагаатай ундааны үйлдвэрт тогтвортой ажиллаж байна. 2022 онд дөрвөн жил арван сараа дуусгаад 2023 оны нэг сард буцаж ирсэн.
-Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллахын давуу тал юу байна?
-Би Монголд их сургуулиа төгсөөд л шууд ирсэн. Их сургууль төгсдөг жилээ бүртгүүлчихсэн байсан. Төгсөөд удаагүй байхад ажлын санал ирээд, яваад үзье гээд ирсэн. Энд ажиллахад орлого их чухал байсан. Орлого Монголд байгаатай харьцуулахад хамаагүй сайн олж байсан учир эндээ хэсэг байя гэж бодсон. Тэгээд хүн чинь яваандаа дасчихдаг юм байна лээ. Хоол унданд нь, цаг агаарт нь дасаад ажил нь ч хөнгөн санагдаад эхэлдэг. Эндээ ажиллангаа Монгол руугаа ирж очин байх их зүгээр санагдсан. Эх орон руугаа явмаар санагдвал дорхноо л явчихна шүү дээ. Тэгэхээр эндээ ажиллаад байж байх нь боломжийн юм байна аа л гэж бодсон доо. Давуу тал нь гэвэл мэдээж орлого. Дээр нь ажлын байрны олдоц сайн гэх юмуу. Монголд ажлын байр бас ховор талдаа шүү дээ.
-Монголд ямар сургуулийг, ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би Хөдөө аж ахуйн их сургуулийг гидромеханик инженерээр төгссөн. Усны чиглэлээр. Монголдоо гурван сар л мэргэжлээрээ ажиллаж байсан.
-Нутаг усны тухайд, хаанахын хүүхэд вэ?
-Налайх дүүргийнх. Налайх дүүргийн “Голомт” цогцолборыг төгссөн. Хуучнаар нэг дүгээр арван жил.
-Одоо Монголд гэр бүлийнх нь ямар хүмүүс байгаа вэ?
-Манай аав, ээж хоёр байгаа. Би айлын том, нэг эрэгтэй дүүтэй. Төрсөн дүү маань бас энд, манай нөгөө ээлжинд ажиллаж байгаа.
-Хамт нэг үйлдвэрт үү? Бас гэрээгээр ирсэн үү?
-Тийм, хамт ажиллаж байгаа. Тэгсэн, гэхдээ миний араас ирсэн.
-Тийм үү? Гэрээгээр ирэх хэцүү биш үү? Монгол Улсаас нааш хөдөлмөрийн гэрээгээр ирэх талаар хүмүүсийн ойлголт өөр өөр байгаа. Энэ тал дээр туршлагыг нь сонирхъё.
-Ер нь бол, их амархан байсан. Мэдэхгүй болохоор л хэцүү санагддаг байсан юм байна лээ. Нэлээд бичиг баримтны явдалтай байх, явахад хэцүү байх даа гэж бодож байсан. Яг шат шатаар нь хийгээд явахад бол боломжийн, ойлгомжтой, амархан байсан.
-Бүртгэлд хэрхэн хамрагдсан бэ? Цахимаар уу?
-Би оочерлож бүртгүүлсэн. Намайг ирж байхад оочерлодог байсан. Нааш ирэхтэй холбоотой хамгийн хэцүү ажил нь гэвэл тэр оочерлох л байсан. Өглөө үүрээр очоод л оочерлож байсан. Одоо цахим болчихсон л доо.
-Найз нөхөдтэйгөө очсон уу? Олон хүн байсан уу?
-Үгүй, ганцаараа очоод л бүртгүүлчихсэн. Ямар ч гэсэн эрт очъё гээд үүрээр таван цагт очиход л нэлээд хүмүүс цуглачихсан байсан. Манайх төвөөс зайдуу, Налайх дүүрэг учир арай цөөн хүнтэй байсан. Тэгэхээр бүртгүүлж чадах боломж нь өндөр байсан болов уу гэж бодож байна.
-Солонгос хэлний шалгалтаа яаж өгсөн бэ?
-Би бүртгүүлэхээсээ өмнө гурван сарын сургалтад сууж бэлдээд шалгалт өгч байсан. Ер нь л бүртгүүлээд явъя гээд бодчихсон байсан. Тэгээд бүртгэл зарлахаас өмнө хэлний сургалтад суусан. Энд байсан манай хамаатны ах нар “Солонгос руу нэг гараад ажиллаад үзчихэд их юм сурна, гайгүй орлого ч олчихно” гэж байсан учир хэлний курст сурсан.
-Дүү нь хэдтэй вэ? Монголдоо ямар сургуульд сурч байв. Ирээд хэр удаж байна?
-Гурван насны зөрүүтэй, одоо манай дүү 27-той. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолборыг төгссөн. ШУТИС-д баяжуулахаар сурч байгаад төгсдөг жилдээ ирсэн, сургуулиа арай төгсөөгүй байгаа. Дүү ирээд дөрвөн жил арван сар болох гэж байгаа.
-Тэмүүжин өөрөө цехийн ахлагч хийдэг юм байна, ажлаа сонирхуулаач?
-Цехийн ахлагчаар ажиллаад хоёр жил л болж байна. Өмнө нь бол ажилладгаараа л ажиллаж байсан, жирийн ажилтан. Тэгсэн гэв гэнэт л цехийн ахлагчаар томилчихсон. Манайх солонгосчуудтайгаа нийлээд 30-аад хүнтэй үйлдвэр, найм нь монгол иргэн. Хоёр долоо хоног өдөр, хоёр долоо хоног шөнийн ээлжинд ажилладаг. Өмнө нь бид хагас сайн өдөр ч ажилладаг байсан. Солонгост одоо 50-иас доош ажилчинтай үйлдвэр долоо хоногийн ажлын цаг 52 цагаас илүү байж болохгүй гээд хагас сайнд амардаг болсон. Цалин жаахан багассан ч амралт нэмэгдээд яг сайхан тохирч байгаа. Үйлдвэрийн ажил хөнгөн ч ажлын цаг урт учир олон цагаар ажиллаад ядардаг. Тэр ядаргаа 2 өдрийн амралтаар бүрэн тайлагддаг.
-Үйлдвэр нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Нэрийн бүтээгдэхүүн байхгүй. Эрүүл мэндийн ундааг захиалгаар хийдэг. 120 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Дэлгүүрүүдэд шууд зарагддаг нь хоёрхон төрөл, хүмүүсийн сайн мэддэг “Пороро” ундаа нэг нь. Үлдсэн нь дандаа сургууль, цэцэрлэгүүдийн үдийн хоолонд нийлүүлэгддэг. Үйлдвэрийн удирдлагуудын хувьд их дажгүй хүмүүс байдаг. Гадаад ажилчдыг гадуурхах, цалин хөлсийг нь өгөхгүй байх зэрэг асуудал гарч байгаагүй. Би энэ үйлдвэрийн дөрөв дэх ээлжийнх нь монгол ажилчин. Надаас өмнө ажиллаж байгаад хугацаа нь дуусаад буцсан монгол иргэдэд ч элдэв асуудал үүсэж байгаагүй гэдэг. Монголчуудыг авч ажиллуулаад 12-13 жил болж байгаа гэсэн.
-Өөр улсын гадаад хүмүүс хамт ажилладаг уу?
-Узбекстан, Казакстан, Украйн хүмүүс байгаа. Зарим нь цагийн ажилчид. Ажил ихтэй үедээ дуудаад ажиллуулдаг.
-Танай үйлдвэрийн залуучууд насны хувьд ямар вэ? Чөлөөт цагаа та хэд яаж өнгөрүүлж байна?
-Ер нь ойролцоо. 25-32 насны хооронд. Бид чөлөөт цагаа голдуу сагс л тоглож өнгөрөөдөг юм дөө. Долоо хоногт нэг удаа заавал сагс тоглодог. Заримдаа хоёр ч тоглочихно. Ажилчдын дотуур байр үйлдвэрээсээ зайтай. Дотуур байрныхаа ойролцоо Нунсан хотын залуучуудын спорт цогцолборт тоглоно. Тэнд бас фитнес заал байдаг учир тийшээ их очдог. Дулааны улиралд гадаа талбайд тоглоно.
-Гэрээгээр ажиллаж байгаа монгол залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Ирчихсэн байгаа залуучууддаа, ер нь нэг үйлдвэртээ удаан, тогтвортой ажиллахын давуу тал их байдаг. Зарим хүмүүсийг хараад байхад жаахан шантраад байх шиг. Ажлаа сурахад мэдээж цаг орно. Тэр үеийг л жаахан тэсээд, тухайн ажлынхаа учрыг нь олчих юм бол, гартаа нэг оруулчихвал дагаад олон давуу тал ирдэг. Визний асуудалд хэрэгтэй. Цалин мөнгө нь нэмэгдэл, урамшуулалтай болно. Янз бүрийн ажил гараад Монгол явчихаад ирье гэхэд ажлынхантайгаа маш сайн харилцаатай, нэр хүндтэй байх юм бол ямар ч асуудалгүй, зүгээр яваад ир ээ л гэнэ. Учраа хэлээд л явчихдаг. Давуу талууд их байдаг гэмээр байна.
-Монгол руу хэр олон явж байна?
-Би нэг их явдаггүй. Манай аав, ээж хоёр л наашаа их ирж байгаа.
-Аав ээж нь хэдий насны хүмүүс вэ?
-Аав 63-тай, ээж 50-тай. Хоёулаа багш. Аав шугам зургийн, ээж бага ангийн багш.
-Хоёр хүү нь энд ажиллаж байгаа болохоор нааш ирэх сайхан байдаг байх аа. Тэмүүжин одоо Е-9 визээр ажиллаж байгаа. Ур чадвартай ажиллах хүчний виз рүү шилжих үү?
-Тийм ээ. Аав тэтгэвэртээ гарчихсан болохоор ээж, аав хоёр нааш их ирж байгаа. Би Е-7-4 виз рүү шилжинэ гэж бодож байгаа. Визний хугацаа болоогүй байгаа болохоор баттай сайн бэлдээд материалаа өгье гээд байж байгаа. Топикоос ч гэсэн өндөр оноо авах гээд бэлдэж байна. Тавдугаар сард авах шалгалтад бүртгүүлсэн. Визний оноогоо шалгахаар 270 болж байна лээ. Ахиухан оноотой өгөөд шууд тэнцчих гээд л бодоод байгаа.
-Монгол орныхоо хөгжлийн талаар бодож яваа зүйл юу байна? Гадаад улсад амьдарч байгаа иргэд улам эх оронч болдог санагддаг.
-Тийм тийм. Яг зөв. Бид гадуур явж байхдаа ч, ажлаа хийж байхдаа ч тэр, бүх юмыг Монголтойгоо харьцуулж боддог. Монголоос жаахан илүү юм байвал манайхан ингэвэл гоё юм байна даа гээд л… Ер нь бол байнга л бодож явдаг. Мэдээж, Монголдоо очоод ажиллаж, амьдарна. Эндээс үзсэн харсан, сурсан зүйлээ очоод бүгдийг нь хэрэгжүүлнэ л гэж бодож байгаа.
-Монголдоо байгаа, нааш хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллах талаар сонирхож байгаа залууст бас үгийг нь хүргэмээр санагдлаа.
-Хэрвээ наашаа хүрч ирээд ажиллаад үзье гэж бодож байгаа залуус байх юм бол энд хүмүүсийн хэлээд байдаг шиг тийм хэцүү зүйл нэг их байхгүй юм билээ шүү. Хүмүүс намайг ирэх гэж байхад “Солонгос яваад биегүй болчихдог. Очихоор монголчууд нь ч онц биш. Тэр нь ч тийм, энэ нь ч ийм” гээд л… Ер нь л дандаа болохгүй бүтэхгүй талаас нь ярих нь их байдаг юм билээ. Тиймэрхүү зүйл сонсоод битгий шантраарай. Шал өөр байдаг шүү. Энд ирээд ганц солонгосчууд гэлтгүй олон орны хүмүүстэй найзалж, нөхөрлөнө. Хаа газар муу хүмүүс бий ч, сайн нь түүнээсээ хавьгүй илүү байгаа. Яг ирье гэж бодож яваа хүмүүс байгаа бол хэлний шалгалтаас ч юмуу, жижиг зүйлээс битгий шантраарай. Орчинд нь ирээд хэсэгхэн хугацаа болсны дараа эргээд анх бүрдүүлсэн материал, өгсөн солонгос хэлний шалгалтаа харах юм бол үнэхээр инээдтэй, амархан юмнууд байдаг. Тэгэхээр ердөө санаа зовох хэрэггүй, хийж үзээд л мэднэ.
-Ажил, амьдралын сонин сайхан, ирсэн, ажилласан туршлагаа уншигчдад сонирхуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.