Он гарсаар ХНХҮТ нь Солонгос улсад буй монгол иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудалд анхаарч эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар чухал ач холбогдол бүхий гэрээнүүд байгуулаад байгаа билээ. Тухайлбал, Кёнги аймгийх Намянжу хот дахь “Эль” эмнэлэг болон Гвангжу хот дахь “Чам Чуван” эмнэлгүүдтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, БНСУ-ын “Эль” эмнэлгийн дарга Жу Ги Чол, “Чам Чуван” эмнэлгийн дарга Вон Чу Хаун нар тус тус гарын үсэг зурав.
“ЭЛЬ” эмнэлэг нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч бүх төрлийн шинжилгээ хийж, оношлогоо эмчилгээ үзүүлэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмж, хүчин чадал бүхий эмнэлэг бол “Чам Чуван” эмнэлэг нь 2010 онд байгуулагдсан олон жилийн туршлагатай, Солонгосын хоёрдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг юм. Мөн тухайн эмнэлгүүдэд Монгол хэлтэй орчуулагч ажилладаг нь монгол иргэддээ илүү дөхөмтэй үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.
Санамж бичгийн хүрээнд “Эль”, “Чам Чуван” эмнэлгүүд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжин холбогдож эмчилгээ үйлчилгээ авч буй монгол иргэдэд 20-40 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. Харин эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хувьд 10 хувийн хөнгөлөлттэй үзүүлэх боломжтой.