БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь олон жилийн турш хамтран ажиллаж, монгол иргэдэд үе мөч, нуруу нугасны өвчний үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж, үйлчилж байгаа Өыжэнбү хотын “Боне” гэмтэл согог, үе мөчний эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам ахиулж үйлдвэрийн осолд өртсөн иргэдэд үзүүлэх эмчилгээ, тусламж үйлчилгээний чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
Монгол иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд тус улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртсөн монгол иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор үзэглэж буй тус санамж бичигт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, “Боне”эмнэлгийн Ерөнхий захирал Чой Гуан Сү нар гарын үсэг зурав.
“Боне” эмнэлэг нь үйлдвэрийн ослыг эмчлэх магадлан итгэмжлэгдсэн зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий үйлдвэрийн ослын байцаагч ажиллуулдгаараа давуу талтай. Иймээс үйлдвэрийн осолд өртсөн иргэдийн эмчилгээ сувилгааны зардал, эмчилгээтэй байх хугацааны 70 хувийн цалин, эмчилгээ бүрэн дууссаны дараах хөдөлмөрийн чадвараа түр алдсаны 1-14 зэрэг тогтоолгох, хөдөлмөрийн чадвар алдсаны болон нас барсны нөхөн олговор гаргуулах, асаргаа сувилгааны зардал шийдүүлэх зэрэг үйлдвэрийн осолтой холбоотой асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, монгол иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртөн эмчилгээ хийлгэж чадалгүй нутаг буцсан иргэд ч тус эмнэлэгт хандаж эмчлүүлэх буюу холбогдох нөхөн олговроо шийдүүлж хөөцөлдөн авах боломжтой. Гагцхүү үйлдвэрийн осолд өртсөн бөгөөд тэр нь БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн корпорациар тогтоогдсон иргэдэд энэхүү Санамж бичгийн хүрээнд үйлчлэх болно.
Манай төв нь тус “Боне” эмнэлэгтэй 2019 оноос хамтран ажиллаж, хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй иргэд болон оршин суух үнэмлэхтэй монгол иргэдийг оношилгоо, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт нийт 298 иргэн үзүүлж 28 сая 500 мянган воны өртөг бүхий эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэжээ. Цаашид ч энэхүү үйл ажиллагааг сар бүр уламжлал болгон зохион байгуулах тул нуруу нугас, үе мөчний өвчнөө рентген, компьютер томографаар оношлуулж, үе мөч, өвдөгний тариаг үнэ төлбөргүй хийлгэн эмчилгээ авахыг хүссэн иргэд төвийн 02-2266-8228 утас болон “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” ( https://www.facebook.com/mklspc ) сошиал хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой юм.