Энэ сарын 11-ний өдөр БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ болон тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтнууд ажил хэргийн уулзалт зохион байгуулж, 2023 онд хамтрах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, иргэддээ чиглэсэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ярилцав.
Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Хөдөлмөрийн атташе Б.Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, тус төвийн ажилтан Л.Доржсүрэн, Э.Алтанбагана нар оролцож 2022 оны ажлыг дүгнэн шинэ онд хэрэгжүүлэх ажлын зорилтуудаа ярилцлаа.
2022 онд манай улсаас БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо нэмэгдэж, анх удаа 50000-д хүрсэн байна.
БНСУ-ын Засгийн газар 2023 онд гадаадын улс орнуудаас авах ажилчдын тоог нэмэгдүүлж байгаатай холбогдуулан манай улсад ногдох квот дорвитой нэмэгдэх төлөвтэй байна. Уг квотыг бүрэн ашиглахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, иргэдэд эрх зүйн болон консулын зөвлөгөө өгөх, нэн ялангуяа Сөүл хотоос алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд нүүдлийн консулын болон хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын үйлчилгээг аль болох ойрхон давтамжтай зохион байгуулахаар болов.
Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хууль бус болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг чиглүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг хүртээмжтэй болгох тал дээр хамтын ажиллагаагаа улам нягтруулахаар боллоо.