ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т ажил хэргийн уулзалтууд хийлээ
2022-05-18
БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах Монгол Улсад ажиллаж буй албан томилолтынхоо хүрээнд өмнө нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ТНБД Г.Өнөрбаяр нартай уулзаж ярилцаад байсан бол 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХНХЯ-ны газрын дарга нартай болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргатай ажил хэргийн уулзалтууд хийлээ.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр БНСУ дахь ХНХҮТ-д байгууллагын хэрэгцээнд шаардлагатай машин, техник хэрэгслийн асуудлыг ирэх оны төсөвт суулган шийдвэрлүүлж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэ 5 сарын 16-ны өдөр Д.Баярмандах дарга ХНХЯ-ны ТЗУГ-ын дарга Ч.Цэвэгдорж болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбийтай уулзаж төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлтэй уулзаж, олон асуудлаар ярилцлаа. Тухайлбал, БНСУ-д хоёр улсын ажиллах хүч илгээх гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллахаар ирж байгаа иргэдийн тухай ярилцав. БНСУ-д гэрээгээр ажиллахаар ирж байгаа залуус том зорилго өвөрлөн, хүсэл мөрөөдлийнхөө төлөө ирж байгаа. Дийлэнх нь энэ хүсэл мөрөөдөлдөө тууштай байж, хүрч чаддаг боловч тодорхой тооны залуус гэрээний хугацаандаа хэрэг, зөрчилд холбогдох, архи, согтууруулах ундаанд донтох, амь насаа алдах хүртэл эрсдэл бий болдог. Мөн хууль бус болж “харлах” асуудал гардаг учир Монгол Улсаас ирэхээсээ өмнө эдгээрээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах нь чухал байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Солонгос Улсад ирэхийнх нь өмнө хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдэд БНСУ дахь ХНХҮТ-өөс тус улсын хууль журам, анхаарах зүйл, үйлдвэрийн осол гэмтлээс хэрхэн сэргийлэх, хэрэв осол гэмтэлд өртвөл ямар арга хэмжээ авах талаарх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа билээ.
Эл уулзалтаар ХХҮЕГ болон БНСУ дахь ХНХҮТ хамтран хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа хийх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар тохиролцлоо.