Өнөөдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХ-ын сайд А.Ариунзаяатай ажил хэргийн уулзалт хийх үеэрээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг албан ёсоор гардуулж өглөө.
Өнгөрөгч оны сүүлчээр цар тахлын үе таарсан учир Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил нарын албаны хүмүүс БНСУ-ын Засгийн газрын байгууллагын энэхүү нэр хүндтэй шагналыг цахимаар олгосон бөгөөд энэ удаа ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах Монгол Улсад томилолтоор ажиллах үедээ ийнхүү биеэр гардуулж өгсөн юм.
Солонгос улсад гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын 16 улс орноос ажиллах хүч илгээдэг. Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг БНСУ-ын Засгийн газрын агентлаг АҮХНХЭГ нь эдгээр 16 улс орноос анх удаагаа Монгол Улсад шагналаа олгосон нь энэ юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг шагнахдаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.