БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙЙН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ
(2022 оны 4 дүгээр сарын 13-наас 12 сарын 31-ний хооронд визний хугацаа дуусаж буй 130 мянган гадаад ажилчин хамрагдана)
Корона 19 болон омикрон өвчний тархалт их байгаатай холбогдуулан гадаад ажилчдын хилээр нэвтрэх асуудалд хүндрэл учирч буй тул жижиг дунд үйлдвэрлэгчид болон хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэхийн тулд 2022 оны 4 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 31-ний хооронд оршин суух хугацаа болон хөдөлмөр эрхлэх хугацаа дуусаж буй Е-9, Н-2 визний ангилалтай гадаад ажилчдын визний хугацааг сунгаж байна.
Анхаарах зүйл:
2022 оны 4 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 31-ний хооронд оршин суух хугацаа болон хөдөлмөр эрхлэх 3 жил, 4 жил 10 сарын хугацаа нь дуусаж буй иргэд хамаарах бөгөөд өмнө нь нэг жилийн автомат сунгалтанд хамрагдсан гадаад ажилчны хувьд 2022 оны 4-р сарын 13-наас 6-р сарын 30-ны хооронд хөдөлмөр эрхлэлтийн хугацаа нь (4 жил, эсхүл 5 жил 10 сар) дуусаж буй иргэд хамаарна. Өмнө нь нэг жилийн автомат сунгалтанд хамрагдсан гадаад ажилчдаас 50 өдрийн сунгалт (4 жил 10 сарын хугацаа дуусгавар болсон+50 өдөр+ 1 жил) авч, дээрх 50 өдрийн нэмэлт сунгалт хэтэрч, оршин суух хугацаа 6 жилээс хэтэрсэн иргэнд дээрх нөхцөл үл хамаарна.
Хөдөлмөр эрхлэлтийн хугацаандаа анх удаа автомат визний сунгалтанд хамрагдаж буй гадаад ажилчны хувьд хөдөлмөр эрхлэх хугацаа нь дуусгавар болж буй өдрөөс эхэлж 1 жилээр сунгана. Өмнө нь нэг жилийн сунгалтанд хамрагдсан байгаа гадаад ажилчны хувьд хугацаа дуусгавар болж буй өдрөөс эхэлж 50 өдөр сунгана.
Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацааг ажилчин болон ажил олгогч нарын тусгайлсан мэдэгдэлгүйгээр Засгийн газрын зүгээс нэгдсэн журмаар сунгаж байгаа бөгөөд харин ажил олгогчийн хувьд гадаад ажилчдын хөдөлмөрийн гэрээний сунгалт болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг харьяа Хөдөлмөрийн биржид гаргах буюу эсхүл www.eps.go.kr хаягаар цахимаар хүсэлт гаргана.
Одоогийн байдлаар энэ удаагийн хөдөлмөр эрхлэх хугацааг автоматаар сунгах сунгалтанд Е-9 визтэй гадаад ажилчин 77,094 хүн, Н-2 визтэй гадаад ажилчин 55,519 хүн хамрагдаж байгаа бөгөөд эдгээрийн дотор Монгол Улсын 594 иргэн хамрагдахаар байна.
Эх сурвалж:
БНСУ-ын Цагаачлалын албаны Гадаад иргэдийн оршин суух хяналтын хэлтэс
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газар-Гадаад ажиллах хүч хариуцах газар