Мэргэжилтэн зөвлөж байна
ХНХ-ын тасгийн мэргэжилтэн Б.Ганцэцэг энэ удаагийн “Мэргэжилтэн зөвлөж байна” булангаар олгогдоогүй цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өглөө.
ОЛГОГДООГҮЙ ЦАЛИНГИЙН АСУУДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ажил олгогчийн зүгээс тухайн ажилтанд хөдөлмөрийн хөлсийг нь төлөх ёстой хугацаанд нь /цалинг олгохоор тогтоосон өдөр/ төлөөгүй тохиолдолд олгогдоогүй цалингийн асуудал үүсдэг. Мөн тухайн ажилтанг ажлаас гарснаас хойш цалин болон тэтгэмжийн мөнгийг 14 хоногийн дотор олгоогүй тохиолдолд мөн олгогдоогүй цалинд хамааруулж болно.
ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Тухайн ажлын байрны харьяалалтай орон нутгийн Хөдөлмөрийн маргаан шийдэх газарт өргөдөл гаргана. Өргөдөл гаргахдаа ажил олгогчийн хаяг, утасны дугаар, ажил олгогчийн овог, нэр зэрэг холбогдох мэдээллээс гадна хөдөлмөрийн гэрээ, цалингийн баримт, цалингийн дансны хуулга, ажилласан цагийн бүртгэл гэх мэт материалыг хавсаргана.
ШИЙДВЭРЛЭХ ДАРААЛАЛ ЯМАР БАЙДАГ ВЭ?
Тухайн Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас иргэний гаргасан өргөдлийг хүлээн авч, судлан үзээд, цалингийн өр авлага байгаа эсэхийг тодруулна. Олгогдоогүй цалин байгаа нь нотлогдвол эхлээд мөнгөн дүнг нь тогтоож, түүний дараагаар ажил олгогчид шаардлага хүргүүлнэ. Ажил олгогчоос дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрвөл тухайн иргэний цалингийн өр авлагыг барагдуулснаар дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Хэрвээ Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас гаргасан шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөхгүй байх юм уу аль эсхүл тухайн компани дампуурах зэрэг санхүүгийн чадваргүй болох нь тогтоогдвол дээрх хэрэг иргэний хэргийн шүүх рүү шилждэг. БНСУ-ын Хууль зүйн Яамны харъяа Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвд хандсанаар дээрх газраас улсын өмгөөлөгчөөр үнэ төлбөргүй хангаж өгч, асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой.
ОЛГОГДООГҮЙ ЦАЛИН ХӨЛСНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ УЛСААС ОЛГОХ ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
Ажил олгогч дампуурах зэрэг санхүүгийн чадваргүй болох нь тогтоогдвол улсаас олгогдоогүй цалингийн тодорхой хувийг ажилтанд урьдчилан олгох тогтолцоог хэлнэ.
- Олгогдоогүй цалин хөлсний нөхөн төлбөрийг өмнө нь ажилчин тухайн ажлаас гарсан тохиолдолд авах эрх үүсдэг байсан бол энэ оны 10 дугаар сараас эхлээд тухайн ажлын байран дээрээ одоо ажиллаж байгаа ч цалин хөлсөө авч чадахгүй байгаа ажилчин улсаас олгодог “Олгогдоогүй цалин хөлсний нөхөн төлбөр”-ийг авах хүсэлтээ гаргах боломжтой болж байна.
- Өмнө нь “Олгогдоогүй цалин хөлсний маргаан”-ы талаар хуулийн байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд дээрх нөхөн төлбөрийг авах боломж үүсдэг байсан бөгөөд шаардагдах хугацаа 7 сар орчим байв. 2021 оны 10 дугаар сараас эхлээд хуулийн байгууллагын шийдвэр гараагүй ч харьяа орон нутгийн Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас тухайн ажилчинд олгогдоогүй цалин хөлс буйг нотолсон бол дээрх нөхөн төлбөрийг авах боломжтой болж байна. Мөн хэрэг хэлэлцэхэд шаардагдах хугацаа 2 сар болж богиноссон нь иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд илүү түргэн шуурхай болж өөрчлөгджээ.
- Олгогдоогүй цалин хөлсийг улсаас урьдчилан олгох нөхөн олговрын одоо мөрдөгдөж буй хэмжээ нь 10 сая хүртэлх вон (ажлаас гарсны тэтгэмж болон цалин хөлс багтаад) бөгөөд өөрөөр хэлбэл олгогдоогүй цалингийн асуудал нь Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас баталгаажсан бол 10 сая хүртэлх воны нөхөн олговрыг улсаас авах боломжтой болж байна.
ОЛГОГДООГҮЙ ЦАЛИНГИЙН АСУУДЛААР ЯМАР ХҮН ӨРГӨДӨЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Тухайн ажилчин хөдөлмөр эрхлээд түүнд ногдох хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй нь үнэн бол гадаад дотоодын иргэн байх, хууль бусаар оршин суугч байхаас үл хамаарч “Солонгос улсын Хөдөлмөрийн стандарт хууль” нэгэн адил үйлчилнэ.
Ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлсийг нь олгохгүй байх тохиолдолд хуулинд заасны дагуу 3 хүртэлх жилийн ял, 20 сая хүртэлх воны торгууль ногдуулдаг.