2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба, БНСУ дахь ХНХҮТ-ийн хооронд ажил хэргийн уулзалт боллоо. Уулзалтанд Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, тус төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн Д.Үнэнбат болон БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны олон улсын харилцааны төвийн ерөнхий захирал Шинь Жэ Хёг, орлогч захирал Ли Тэ Хүнь, захиргаа удирдлага хариуцсан захирал Ким Сан Ён нар оролцов.
ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах энэ үеэр Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтын ирүүлсэн албан бичгийг танилцуулж, харилцан санал солилцсон юм. Д.Баярмандах дарга Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байгаа тухай болон Монгол Улсын Нийгмийн даатгалын салбарын үйлчилгээнд сүүлийн жилүүдэд олон ахиц гарч, ялангуяа цахим үйлчилгээнүүд амжилттай нэвтрэн иргэд гэрээсээ, оршин суугаа газраасаа шууд холбогдон авах нийгмийн даатгалтай холбоотой үйлчилгээний төрөл 20 гаруй болсон нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан томоохон ахиц дэвшил авчирсан талаар дурдаад БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албатай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэхэд бидний зүгээс идэвхтэй дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
НДЕГ-аас ирүүлсэн албан бичиг, хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын саналын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар, Солонгосын Үндэсний тэтгэврийн алба хооронд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн албанаас зохион байгуулагддаг тэтгэврийн болон нийгмийн хамгааллын сургалтууд, олон улсын хурал, зөвлөгөөн, форумд НДЕГ-ын мэргэжилтнүүдийг хамруулан оролцуулах, олон улсын хурал зөвлөгөөн, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлуудаар харилцан ярилцсан бөгөөд Үндэсний тэтгэврийн албаны олон улсын харилцааны төвийн удирдлагууд дээрх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлын саналыг таатай хүлээн авч нэн даруй хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Үндэсний тэтгэврийн албаны Олон улсын харилцааны төвийн ерөнхий захирал Шинь Жэ Хёг “Солонгос, Монгол хоёр байгууллагын хооронд 2019 онд байгуулсан ICD чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай тавьсан саналыг бид таатай хүлээн авч, дэмжиж байна. Бидний зүгээс үүнийг шууд ажил хэрэг болгохын тулд энэ сарын 25-ны өдөр цахимаар Монгол Улсын НДЕГ-тай уулзалт, хурлыг зохион байгуулах саналтай байна. Тус хуралд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, танай төв хамтран оролцож цаашдаа хэрхэн хамтран ажиллах, цар хүрээгээ яаж өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, харилцан санал солилцож, асуудлуудаа дэлгэрэнгүй хэлэлцэн үр дүнтэй шийдвэр гаргах хүсэлтэй байна” гэлээ.
Мөн Үндэсний тэтгэврийн албаны Олон улсын харилцааны төвийн захиргаа удирдлага хариуцсан захирал Ким Сан Ён хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хийж болох ажлуудыг дурдав. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ дахь ХНХҮТ-тэй хамтран тэтгэврийн болон нийгмийн хамгааллын цахим сургалтуудыг жилд 2-3 удаа богино хугацаагаар зохион явуулах, Монгол Улсын НДЕГ-аас ямар чиглэлээр сургалт зохион байгуулах нь илүү үр дүнтэй талаар өөрсдийн саналыг ирүүлбэл тухайн чиглэлээр сургалтын агуулгыг урьдчилж бэлтгэн цахим сургалтуудыг хийх, 2022 оны сүүлээр зохион байгуулагдах олон улсын чуулга уулзалтад Монголын талаас хамтран оролцох зэрэг саналуудыг тавилаа.
Хоёр талын энэхүү уулзалт энэ 3 дугаар сарын 25-нд цахим хурал болон улам өргөжин зохион байгуулагдах шийдлийг авчирсан үр дүнтэй, ажил хэрэгч болж өнгөрлөө.