Манай төвөөс бэлтгэн хүргэдэг “Монгол хүний хөгжил” подкастын ээлжит оролцогч нь Орхонжаргал овогтой Шүр-Эрдэнэ бүсгүй байлаа. Тэрээр жирийн л нэг монгол бүсгүй, ээжийн сайхан охин, хөөрхөн хүүгийн ээж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн үр хүүхэд, ээж дүү нартайгаа жаргалтай сайхан амьдралыг бүтээхээр Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж буй. Энэ он цагуудаа ажилд нухлуулж өнгөрүүлсэнгүй, харин цаг хугацааг өөрийн хүсэл зорилгоороо нугалж, эвхэж яваа энэ бүсгүйн оролцсон нэвтрүүлэг олон хүний сэтгэлд хүрч хүмүүст нэгийг бодогдуулсан. Ингээд О.Шүр-Эрдэнэ бүсгүйтэй манай төвийн мэргэжилтэн Ц.Мөнхцацралын хийсэн ярилцлагыг сонирхоно уу?
-БНСУ-д ажиллаж амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл бол О.Шүр-Эрдэнэ юм. Тэрээр Солонгос улсад ажиллахын зэрэгцээ өөрийн сонирхдог олон зүйлийг амжуулж амжилтанд хүрч яваа. Их ажлын хажуугаар яаж зав чөлөө гаргаж байна вэ. Ядрахгүй юу?
-Хүмүүс намайг хараад ядардаг гэж боддог байх. Ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн хийхээр улам илүү эрч хүч орж, улам илүү зоригтой болдог. Энэ дасгал хөдөлгөөн гэдэг зүйл хүний биед маш их хэрэгтэй, чухал зүйл байгаа юм. Би Монголд байхдаа дасгал хөдөлгөөн хийж байгаагүй. Биеийн тамирын хичээлд ч суудаггүй байсан. Солонгос улсад ирээд анхны гараагаа усан бассейнд явж эхэлсэн. Дараа нь гүйдэг болоод, тэгээд дугуй унаж, дасгал хийгээд хоёр дахь жилдээ явж байна. Ажлын хажуугаар яаж амжуулдаг вэ гэхээр өглөө үүрээр таван цагт босоод хөнгөн юм идчихээд нэг цаг бассейндаа явдаг. Тэгээд ажлаа тараад гүйдэг. Манай ажил өдрийн ээлж нь оройн долоон цагт тардаг.
-Спорт хүнийг үнэхээр эрч хүчтэй болгодог юм байна аа. Солонгос улсад 3 төрлөөр уралддаг тэмцээнд оролцож медаль авч байсан гэж сонссон юм байна. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Анх удаагаа өөрийгөө бэлдээд тэмцээнд оролцож шагнал авсан. Усанд сэлэлт нь гадаа далайд сэлдэг, дугуй унаад, гүйдэг. Хүнд спорт гэдэг юм байна лээ. 1,5 км хэртэй задгай далайд сэлээд дараа нь дугуй унадаг, тэгээд шууд гүйдэг тэмцээн. Өдөр тутамдаа ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийгээд амжуулж явдаг.
-Цагийн менежмент маш сайтай байна гэж харж байна. Спортоор ч, урлагаар ч хичээллээд дуртай зүйлдээ цаг заваа гаргаж чадаж байна шүү дээ?
-Урд нь ерөөсөө спортоор хичээллэж үзээгүй. Гүйдэг ч үгүй, алхдаг ч үгүй спортод их дургүй хүн байсан. Өөрийгөө ялж дийлээд одоо бол маш дуртай болсон.
-Тэгэхээр энэ ярианаас нь хүн спортоор хичээллэхэд оройтохгүй гэдэг нь харагдаж байна. Урд нь юу ч чадахгүй байсан ч гэсэн өөрийгөө дайчлаад байвал амжилтанд хүрэх боломж байдаг гэдгийн нэг нотолгоо нь чиний хичээл зүтгэл байна?
-Спортоор хичээллэхгүй юмаа гэхэд зүгээр алхаж явсан ч бие, эрүүл мэндэд маш хэрэгтэй байдаг. Чадвал бассейнд явбал зүгээр. Бүх л насныхан алхах зэргээр хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж боддог.
-Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Биеийн хүчний ажил хийгээд ядарч байгаа гэж бодохгүйгээр спортоор хичээллэхэд болдог, улам их эрч хүч авдаг гэдгийг дадал зуршлаас чинь харж болохоор байна?
-Өдөр, шөнийн ээлжинд ажиллахдаа цагаа яаж зохицуулдаг вэ гэхээр өглөө үүрээр ажлаа тараад хичээллэдэг. Амралтын өдөр бас цаг гаргана. Хүн өөрөө цаг гаргая гэж бодвол яаж ийж байгаад л цаг зав гаргаж чаддаг.
-Хүн бүхэнд ижилхэн 24 цаг байдаг. Үүнээс 8 цагийг ажилдаа гэж бодъё, 7-8 цаг унтдаг, үлдсэн 8 цаг л байгаа. Энэ үлдсэн 8 цагийг яаж зохицуулдаг вэ гэдгээс хүний амжилт, амьдрал ахуй ямар байх нь шалтгаалдаг гэж боддог. Чиний хувьд энэ 8 цаг их чухал өнгөрдөг байх шиг ээ?
-Миний хувьд 5-6 цаг унтдаг. Унтах цагаа сайн зохицуулах хэрэгтэй гэж боддог. Оройн 10 цагаас өглөөний 5 цаг хүртэл унтахад хамгийн тохиромжтой гэж боддог. Эдгээр спортуудаас гадна бас таеквондогоор хичээллэдэг. Гадаад ажилчдыг дэмжих төв дээр хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт явуулдаг. Одоо бол бичлэгээ үзээд хийж байгаа.
-Солонгос улсад гадаад ажилчдыг дэмжих 8 төв байгаа. Хөдөлмөрийн гэрээт иргэдэд зориулаад үнэ төлбөргүй солонгос хэл, нарийн боов, засварчин, гитар, таеквондо зэрэг сургалт явуулдаг. Манай гэрээнийхэн тэдгээр сургалтуудад хамрагдаж байгаарай гэж хэлмээр байна. Хоёр жилийн хугацаанд спортоор хичээллээд чамд яг ямар өөрчлөлт гарав? Бие махбодын хувьд ч юм уу. Хүмүүс тодорхой зорилготой спортоор хичээллэдэг дээ?
-Ер нь 2 жилийн хугацаанд байнгын бэлтгэл хийсэн учраас өмнө нь их тарган байснаа нэлээд турсан. Манай найзууд намайг их турсан байна гэдэг. 10 кг хаясан. Их иддэг ч гэсэн калорио сайн шатаадаг. Бассейнд явсны гоё зүйл нь би урд нь нурууны суулттай байсан. Монголд байхад эмнэлэгт үзүүлэхэд суулттай гэж оношлогдож байсан. Багадаа унаж бэртээд суулттай болсон байсан. Энд ирээд бассейнд яваад өвчин эдгэрсэн, зураг авахуулаад харуулсан чинь нуруу чинь зүв зүгээр байна, чи бассейнд явсан уу гэж эмч асууж байсан. Бассейнд явахад үе мөч өвддөг хүмүүс, нуруу суулттай хүмүүс эдгэрдэг юм байна лээ. Нэг жишээ нь би байна аа.
-Шүр-Эрдэнэ хувь хүний хөгжлийн тал дээр их анхаардаг нь харагдаж байна. Юун дээр илүү анхаардаг вэ? Жишээ нь, миний хувьд эрүүл мэнд-гоо сайхан, гэр бүл, ажил, санхүү, нийгмийн харилцаа гээд 5 томоохон хэсэгт хуваагаад аль болох тэнцвэртэй хөгжүүлэх юмсан гэсэн зорилготой байдаг. Чиний хувьд?
-Хувь хүний хөгжлийн тухайд гэвэл би өөрийгөө өөрчлөөд дараа нь бусад хүмүүс надаас үлгэр дуурайлал авах нь чухал юм болов уу гэж боддог. Хэрвээ би өөрөө өөрчлөгдөж чадвал миний хүүхэд ч гэсэн намайг хараад өөрчлөгдөнө. Би хүүхдээ спортоор хичээллээч, тийм ийм юм хий гэж шахахгүй, харин намайг хараад үлгэр дуурайлал аваасай гэж бодож байна. Би эхлээд өөрөө өөрчлөгдөж байж хүмүүс намайг хараад өөрчлөгдөнө. Тийм учраас өөрөөсөө л эхлэхийг боддог доо.
-Чиний хувьд хамгийн үнэт зүйл нь юу вэ?
-Эрүүл мэнд. Эрүүл байж хүн бүх зүйлийг хийж чадна. Тийм учраас эрүүл мэнддээ их анхаардаг. Хоол ундаа зөв зохицуулж, ажлын хажуугаар ядардаг ч гэсэн спорт хөдөлгөөн хийж байна. Би эрүүл байх юм бол гэр бүлээ тэжээнэ.
-Энэ хэний зураг вэ?
-Миний хүүгийн зураг. Монголоос ирэхийн өмнө хүүтэйгээ энэ зургийг авахуулаад орныхоо эсрэг талд зориуд байрлуулсан. Энд зураг л хань болдог юм билээ. Хүүхдээ санадаг учраас албаар ингэж орныхоо өмнө зургаа байрлуулсан. Хүүхдээсээ эрч хүч их авдаг. Миний хүү байгаа юм чинь би хүүхдийнхээ төлөө ажиллаж, амьдрах ёстой гэж боддог. Хүүгийнхээ зургийг дандаа хардаг даа.
-Гэрийнхээ ханаар шинэ үг, дүрэм, төгөлдөр хуурын хуваарь өлгөсөн байна. Солонгос хэлээ сайн сурч байгаа биз дээ?
-Миний нэг арга бол үг цээжлэхдээ бичиж ханан дээрээ нааж байнга хардаг. Сардаа юмуу 14, 21 хоногтоо нэг сольдог. Эргээд санахын тулд бас эргэж наадаг. Энэ тогосны зургийг ээж надад хийж өгсөн. Миний нэр Шүр-Эрдэнэ болохоор шүрээр нааж, хийж өгсөн. Харах бүр их урам авдаг.
-Нэг өрөө байрыг маш гоё тохижуулсан байна. Гитар байна, ном зохиолын хувьд нэлээд байна. Ямар чиглэлийн номыг илүү их уншдаг вэ? Уран зохиол, хувь хүний хөгжлийн талаарх, адал явдалтай ном гээд.
-Ном унших их дуртай. Аль алийг нь уншдаг. Бас англи, солонгос хэлний ном бас их үздэг. Чөлөөт цагаараа аль болох уншихыг эрмэлздэг. Нүдэнд ил харагдаж байхаар тавиад цаг зав гарахаараа аваад хэрэглэдэг. Зурагт нээх их үздэгггүй. Мэдээ сонсох дуртай. Сайн ойлгохгүй ч гэсэн чихээ онгойлгох зорилгоор сонсдог. Эдгээр медалиуд бол Солонгос улсаас ирээд авсан 7 медаль. Хамгийн анхны медаль усанд сэлэлтээр 2 дугаар байрын шагнал авч байсан. Гүйлт, сэлэлт, Ансан дахь биеийн тамирын багийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан медаль. Энэ бол 3 төрөлт тэмцээнд оролцсон медаль, дээр ярьсан даа, усанд сэлээд, дугуй унаад, гүйдэг тэмцээнийх.
-Монголын минь нэг гэрээт бүсгүйн өдөр тутмын жирийн амьдрал шүү дээ. Үнэхээр бахархмаар юмаа. Тэмцээн уралдаанд оролцох мэдээ мэдээллийг хаанаас авдаг вэ?
-Хамт сэлдэг хүмүүсээсээ асуудаг, тэд мэдээлэл өгдөг.
-Гэрт нь байгаа дугуй бас их сонирхол татаад байна?
-Энэ бол миний хамгийн хайртай дугуй байгаа юм. Гадаа гаднын дугуйгаа уначихна. Өвөлдөө гадуур дугуй унах боломжгүй учраас гэртээ энэ дугуйгаа унадаг.
-Нэг өрөө байрандаа өөрт хэрэгцээтэй зүйлийг яаж ингэж багтааж гоё эмх цэгцтэй амьдардаг юм бэ. Маш их бахархаж бусад хүмүүс суралцмаар зүйл их байна гэж харж байна.
-Энэ таргийг би өөрөө бүрсэн. Анх ирээд хоол бараг хийдэггүй, дандаа бэлэн юм авч иддэг байсан. Бэлэн юм байнга идэхээр эрүүл мэндэд их муу юм байна лээ. Таргалалт үүсгэдэг. Гэртээ хоол хийж идэх нь хамгийн зөв эрүүл хооллолт юм байна гэж бодсон. Уг нь бол хоол хийх их дургүй байсан. Гэвч хүн бас дургүй юмандаа дуртай болдог юм байна лээ. Манай найз надад нэг удаа мах авчирч өгсөн юм. Тэр махыг идсэнээс хойш хоол хийж идэх нь гоё юм байна гэж бодоод өөрөө хийдэг болсон доо. Чихэр бага идэж, жимс их иддэг болсон. Бүгдээрээ эрүүл мэндээ сайн хамгаалаарай гэж хэлмээр байна.
О.Шүр-Эрдэнэтэй хийсэн ярилцлага БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахын өрөөнд үргэлжилсэн билээ.
Дарга Д.Баярмандах: -Шүр-Эрдэнийг дахин танилцуулахад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа олон залуусын төлөөлөл төдийгүй манлайлал үзүүлэн амжилттай ажиллаж байгаа юм. Өдөртөө хэдэн цаг орчим ажиллаж байна?
-Манай ажил долоо хоногийн 6 өдөр ажилладаг. Хоёр долоо хоног шөнийн, хоёр долоо хоног өдрийн ээлжинд ажилладаг. Өдөртөө 8-10 цаг орчим ажил хийнэ. Илүү цагтай үедээ 10 цаг ажиллана.
Д.Баярмандах:-Бидний гол зорилго хоёр улсын гэрээний дагуу ирээд тэр гэрээний үүргээ хариуцлагатай, сайн биелүүлж улс орон, залуусынхаа нэр хүндийг өргөн, амьдрал ахуйгаа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, монгол хүний хөгжлийг тодорхой түвшинд ахиулж яваа иргэдээ судалж Шүр-Эрдэнийг урьж ирүүлээд байна. Солонгост ирээд 3 жил болсон, олон жил амьдарч байгаа иргэдтэй харьцуулахад нэг их удаагүй гэж ойлгож болно. Ийм богино хугацаанд их зүйлийг амжуулж байгааг нь энэ нэвтрүүлгээс үзсэн хүн бүр өөр дээрээ дүгнэлт хийх байх аа гэж бодож байна.
О.Шүр-Эрдэнэ:-2015 оноос эхлээд гэрээгээр ирэх гэж хөөцөлдсөн. Тухайн үед мөнгөтэй хүмүүс нь хахууль өгөөд урдуур ордог ч юм уу, ямар ч гэсэн ирнэ гэдэг их хэцүү байсан. Тэгээд 3 жилийн өмнө наашаа шударгаар гарч ирсэн л дээ. Шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгтээ ороод шударгаар тэнцсэн минь олон жил хөөцөлдөөд шантраагүйн үр дүн гэж баярлаад энд 3 жил нэг л үйлдвэртээ тогтвортой ажиллаж байгаа. Сууж хийдэг ажил, нүдний оролцоо их учир нүд өвддөг. Шөнөөр ажиллахад бас нүд их өвддөг. Олон гадаад хүмүүс ажилладаг.
Д.Баярмандах:-Шударгаар явахад ийм сайхан байгаа юм шүү дээ. За, одоо бид Монгол Улс руу цахимаар холбогдож байна. Манай ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувд биднийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа О.Шүр-Эрдэнийн ээжтэй цахимаар уулзуулахаар гэрээс нь шууд холбогдож байна. /Цахимаар холбогдон ярилцлага үргэлжлэв/ Та сайн байна уу? БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах гэдэг хүн байна. Бид ээж охинтой хамтдаа цахимаар уулзаж Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж сайн яваа залуусаа “Монгол хүний хөгжил” цуврал нэвтрүүлгээр дамжуулан гаргаж, бусад залууст үлгэр дуурайлал болгох ажил хийж байна. Нийт зургаан мянга орчим гэрээт иргэд энд ажиллаж байна. Тэдэн дундаас удаан судалсны үндсэн дээр таны охин О.Шүр-Эрдэнийг сонгож оруулж байна. 3 жил болж байгаа боловч монгол залуусын үлгэр дуурайлал болж амжилттай ажиллан төр засгийнхаа үүрэг даалгаврыг нэр хүндтэй биелүүлж, монгол хүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, өөрийгөө хөгжүүлж яваа учраас сонголоо. Танд ийм сайхан охиныг төрүүлж өсгөсөнд баяр хүргэе.
О.Шүр-Эрдэнийн ээж Орхонжаргал: Сайн, сайн байна уу, та. Миний охин сайн уу, ээж нь сайн байна.
Д.Баярмандах:-За, манай Ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувд, мэргэжилтэн С.Энхжаргал, С.Дашцэрэн нар та биднийг цахимаар уулзуулахаар гэрт нь очоод байна. Таны охин маш сайн байгаа, олон зүйл сурч мэдэж, амжилтанд хүрч, үргэлж өөрийгөө хөгжүүлж яваа. Таны хувьд амьдрал ахуй хэр байна вэ? Энэ жилүүдэд ямар ямар ахиц дэвшил гарав аа?
Ээж Орхонжаргал:-Өө, манай амьдрал ч зөндөө дээшилсэн. Миний охин бидэнд энэ байрыг авч өглөө. 3 жилийн дотор мөнгөө цуглуулж, хураасан мөнгөөрөө ээждээ байр авч өгсөн. Миний охиныг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд их баярлалаа.
Н.Алтансувд (Монголоос):-Сайн байна уу? Шүр-Эрдэнэ ээ. Амжилттай явж байгааг сонсоод бид бас их бахархаж байлаа. Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр анх явахдаа манай байгууллагад хандаж хүсэлтээ гаргаад итгэл хүлээж, чөлөөт цагаараа биеийн тамир спортоор хичээллэж байгаад баярлаж байна. Ийм сайхан тав тухтай орон сууцыг ээж, дүү нартаа авч өгсөн байна. Ээж нь биднийг сайхан хүлээж авч, ширээ засжээ. Хүүхэд, дүү нар нь сайн байна аа. Монгол Улсынхаа нэр хүндийг өргөж яваад нь ХНХЯ болон ХХҮЕГ-ын удирдлагын зүгээс, нийт албан хаагчдынхаа зүгээс чамд халуун талархал илэрхийлье. Д.Баярмандах дарга болон Солонгос улсад ажиллаж байгаа ХНХҮТ-ийн нийт хамт олон маань ийм сайхан санал санаачилга гаргаж, чамайг сонгож Монголын залуучууд энэ эмэгтэйгээр бахархаасай, зорилго тэмүүлэлтэй байгаасай гэж нэвтрүүлэг хийж байгаад нь бид баярлаж байна.
Д.Баярмандах:-За, баярлалаа. Орхонжаргал ээж ээ, Алтансувд дарга аа та бүгд харж байгаа байх. Бид О.Шүр-Эрдэнэд байгууллагаасаа “Монгол улс болон БНСУ-ын хооронд байгуулсан “Ажиллах хүч илгээх санамж бичиг”-ийн хүрээнд амжилттай ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, урлаг спортоор тууштай хичээллэн амжилт гаргаж, монгол залуустаа үлгэр дуурайлал болж байгааг тань үнэлэн БНСУ дахь ХНХҮТ-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа. Одоо үүнийгээ гардуулж өгье.
Ээж Орхонжаргал:-Ээж нь сэтгэл хөдлөөд байна шүү. (нулимс гаргав)
Д.Баярмандах:-Охин нь Монголын мянга мянган залуусын үлгэр дуурайлал болж яваад ХНХЯ, ХХҮЕГ, манай төвийн зүгээс баяр хүргэж байна. Н.Алтансувд дарга, мэргэжилтэн С.Энхжаргал, С.Дашцэрэн нар дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Орхонжаргал ээжид, Шүр-Эрдэнийн 3 дүүд, хүүд нь баяр хүргэж, сурлагын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Ээж Орхонжаргал:-За, баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.
О.Шүр-Эрдэнэ:-Д.Баярмандах дарга болон төвийн хамт олонд маш их баярлалаа. Манай гэрт зочилж очсон Ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувд, мэргэжилтэн С.Энхжаргал, С.Дашцэрэн нарт бас маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье! Энд ирж ажилласнаараа зөндөө их зүйлийг сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж байна. Ээжийнхээ хүслийг биелүүлсэн гээд их зүйлийг амжуулж байна даа.
Ээж Орхонжаргал:-Миний охин ёстой мундаг. Ээжийнхээ хүсэн хүлээж байсан бүх хүслийг биелүүлж өгсөн. Ээж нь зөндөө их баярлаж байгаа, бүр уйлах гээд байна.
О.Шүр-Эрдэнэ:-Ээж танаараа маш их бахархаж байна. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй өсгөж өгсөнд баярлалаа. Та биеэ сайн бодох хэрэгтэй шүү. Миний хүү, дүү нарыг харж өгч байгаад маш их баярлалаа.
Ээж Орхонжаргал:-Ээж нь сайн. Хүүг нь цэцэрлэгт нь хүргээд зөөгөөд явна даа. Охиндоо ёстой их баярлаж байна аа. Ээж нь бүр хэлэх ч үг олдохгүй, дотроо бараг уйлж байна. Хүний нутагт очоод нэрээ гаргаад… /уйлав/
Д.Баярмандах:-Би ингэж бодож байна. Ер нь хүн өөрийгөө хэр зэрэг дайчилснаас шалтгаалж амжилт хүлээж байдаг юм байна аа гэдгийг манай Шүр-Эрдэнэ бодитоор харуулж өгсөн гэж. Солонгос улсад талархаж явдаг олон монголчууд байдаг. Миний хүүхэд эрдэм номтой боллоо, миний хүүхэд өндөр боловсрол эзэмшлээ, ажил төрлөө сайн хийж байна, амьдрал ахуйгаа дээшлүүллээ, хэл сайн сурлаа гээд олон эцэг эхчүүд, монгол иргэд баярлацгаадаг. Бид бас суугаа орондоо их талархаж байна. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн үзлэг, хэлний шалгалт гээд бүхий л зүйлийг зохион байгуулж олон залуусыг Солонгосын ажил олгогч нарт таалагдахуйц, шаардлага хангасан залуучуудыг бэлтгэн явуулж байгаа манай ХХҮЕГ-ынхандаа талархаж байна. Энд байгаа монгол иргэд өөрсдийгөө дайчилж, зорьсон зорилгоо биелүүлээд эх орондоо очдог байлгахын төлөө ХНХЯ, ХХҮЕГ, манай төв бүгд хичээн ажиллаж байгаа юм шүү. Энэ бүхнийг ойлгож талархалтай хүлээж авсан О.Шүр-Эрдэнэ, түүний ээж Орхонжаргалд баярлалаа. О.Шүр-Эрдэнэ ээ цаашдынхаа төлөвлөгөөний талаар яривал ямар вэ? Ээж дүү нартаа болон энэ олон хүнд цаашдаа ямар зорилготой байгаагаа сонсговол гоё байх болов уу. Өөрөө төлөвлөсөн зүйл байгаа байх. Тэрнээсээ ярих уу?
О.Шүр-Эрдэнэ:-Би ганц эрэгтэй дүүтэй. Дүүгээ сургуулиа төгсөхөөр энд авч ирээд сургуульд оруулна гэж бодож байгаа. Өөр шигээ спортоор хичээллүүлнэ гэж бодож байгаа. Манай дүү спортод дуртай. Спортоор хичээллүүлж өөр шигээ тэмцээн уралдаанд оруулна гэж нэг зорилго тавьж байгаа. Хоёр дахь зорилго маань өөрийн гэсэн үсчин, гоо сайхны салонтой болно. Одоо ямар ч байсан зорилгынхоо тодорхой хувьд явж байна. Хэдэн жил зүтгэх хэрэгтэй, өөрөө энд байгаа болохоор ар гэрийнхэн маань бас тусална байх. Ээжийнхээ болон өөрийнхөө хүсч мөрөөддөг байсан байраа авах гээд, дүү нараа сайхан дулаахан газар өвлөөс өмнө оруулчих юм сан гэж бодоод их тэмцсэн. Шантрах үе зөндөө байсан, шантарсан ч гэсэн босоод л гарсан. Зарим үед хэцүү байсан ч гэсэн даваад гарсан. Ганцаараа их уйлна, тэгсэн ч гэсэн зорилгынхоо төлөө яваад эхний зорилгоо биелүүлсэн. Цааш цаашдын зорилгоо улам биелүүлэх итгэл мөрөөдөл дүүрэн байна. Визээ цаашдаа сургалтын визээр солиулна гэж бодож байгаа. Сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд, багаасаа спортоор хичээллэхийг хүсдэг, хэл сурахыг хүсдэг, мөнгөний боломж муу хүүхдүүд, бололцоо боломжгүй байгаа хэрнээ үнэхээр сурахыг хүсч байгаа хүүхдүүдэд өөрөө зааж өгөхийг хүсдэг. Энэ бол миний маш том зорилго. Хэдэн жилийн дараа ч хамаагүй энэ зорилгодоо хүрнэ гэж боддог. Хүүхдүүдэд их туслахыг хүсч байгаа. Том том зорилгууд зөндөө бий.
Д.Баярмандах:-За, ойлголоо. Баяр хүргэе. Охин нь ийм олон хэтийн зорилго, мөрөөдөлтэй байдаг юм байна шүү. Надад нэг зүйл их сайхан санагдлаа. Үсчний салон байгуулна гээд. Эхний зорилгоо биелүүлээд хоёр дахь зорилго руугаа ороод явж байгаа юм байна. Манай О.Шүр-Эрдэнэ Ражив Гандийн нэрэмжит Политехникийн коллежийг төгссөн байна. Мэдээж хэрэг, нэр төртэй ийм сайхан хүн гарч ирэхээр төгссөн сургуулийнхан нь, гэр бүл, найз нөхөд нь бүгд их баярлаж, бахархдаг. Тэр сургуулийнх нь захирал миний найз Буяндэлгэр гэж хүн байдаг. Буяндэлгэр захирал болон сургуулийнх нь хамт олон энэ нэвтрүүлгийг үзээд төгсөгчөөрөө бахархах байх аа. Ийм сайхан мундаг охиныг төрүүлж өсгөсөн ээжид нь бас баяр хүргэе.
Ээж Орхонжаргал:-За, маш их баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.