Төрийн байгууллагад цахимжуулалтыг яаравчилж шуурхайлан хийж, хэрэгжүүлж буй “цахим сайд” гэлцдэг ХНХ-ын сайд А.Ариунзаяа яамныхаа харьяа байгууллагын нэг БНСУ дахь ХНХҮТ-ийн “Нэг цэг” сэтгүүлийн “Дугаарын зочин” буланд уригдаж гадаадад суугаа монголчуудад зориулан ярилцлага өглөө.
-Та хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Юуг хэрхэн сайжруулах, хийх талаар бодож төлөвлөсөн зүйлс ихтэй болсон байх. Таны зорьж буй ажлуудаар ярилцлагаа эхлэх үү?
-За, тэгье. Солонгост суугаа Монгол Улсынхаа иргэн танд энэ сэтгүүлийг унших өдрийн мэнд хүргэе! Гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ хийж буй ажил, салбарын бодлого хэрэгжилтийн талаар ярих болсондоо талархаж байна. Би Үндэсний Статистикийн хорооны дарга байхдаа “Тооцоо судалгаанд суурилсан шийдвэр хамгийн оновчтой, амьдралын хөрсөнд буудаг шүү” гэж их хэлж, ярьдаг байсан. Шийдвэр гаргахад ашиглах мэдээллийн чанар, хурд, нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байж чадаж байгаа эсэхэд ач холбогдол өгч ажилласан. Ажлын тэр арга барил, туршлагаараа салбартаа цахимжуулалтыг нэвтрүүлэх, мэдээллийн чанар, хүртээмжид анхаарахыг нэн тэргүүний зорилт болгож ажлаа эхлүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамж хамгааллыг зөв зүйтэй хүргэх ажил нь иргэн, айл бүрт ямар нэгэн байдлаар үр шим өгдөг, хүлээлт үүсгэж байдаг төрийн үйлчилгээ. Тэр хэрээр өргөн цар хүрээнд харж, тооцож байж шийдвэр гаргаж, зохицуулалт хийх ёстой бөгөөд тэр бүх шийдвэр, боломжийн талаарх мэдээллийг олон нийтэд, хүн бүрт тэгш, хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх нөхцлийг бүрдүүлэх нь дүүрэн сорилт бүхий үүрэг даалгавар, чухал хариуцлага гэж би хүлээж авсан.
Салбарын бодлогын шинэчлэлийг 8 чиглэлээр дэвшүүлж ажиллаж байна. Тэдгээрийн нэгдүгээрт цахимжилтыг эрэмбэлсэн нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүй. Дэлхий даяар технологийн хувьсал тасралтгүй, маш хурдтай өрнөж байна. Технологийн хөгжил, шийдэл дэлхийн эдийн засаг, улс гүрнүүдийн хөгжлийн уламжлалт хандлагыг алга урвуулах шиг өөрчилж байгааг бүгд харж байна. Энэ хандлага, боломжийг салбартаа суурьшуулж, үр дүнг үзэх нь миний гол зорилго. Цахим шийдэл аль ч салбарт үйл ажиллагааны цар хүрээг тэлж, алдааг багасгаж, боломжийг нээж байна шүү дээ. Төрийн үйлчилгээ авах иргэд хил хязгааргүй суурьшин амьдарч, ажиллаж, сурч боловсорч байхад төрийн ажил цаас, албан тасалгаа, ширээ, тамга тэмдгээр хязгаарлагдсаар байж болохгүй л дээ.
-Зорьсон ажил хэр бүтэмжтэй байна вэ?
-Бүтэмжтэй шүү. Иргэд, төрийн үйлчилгээг авч, хүртэж буй хэрэглэгчид үр ашгийг нь мэдэрч эхэллээ. Би ч бас үр дүнг тун сайн гэж харж байна. Боломжтой, хүлээлттэй байсан ажлуудаа үндсэндээ цахимжуулчихлаа. Халамжийн үйлчилгээнд цахимжуулалт хийж еhalamj системийг нэвтрүүлсэн. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх еhalamj.mn цахим хуудас өнөөдрийн байдлаар 7 төрлийн 13 ангиллын үйлчилгээг цахимаар хүргэж амжилттай ажиллаж байна. Энэ еhalamj.mn цахим хуудсаас гадна “ТҮЦ” буюу төрийн үйлчилгээний цахим машин, ebarimt, e-mongolia.mn цахим хуудас, e-mongolia аппликэйшнийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Манай нийгмийн даатгалын салбарын цахимжилт харьцангуй сайн хийгдсэн. Намайг сайд болохоос өмнө нийгмийн даатгалын гар утасны аппликэйшн жигдэрсэн байсан. Ажлаа авснаасаа хойш сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулж, төлбөрөө төлөх боломжийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан.
Байгууллагын нягтлан сар бүр харьяа нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж баталгаажуулж, тамга даруулах шаардлагагүй болсон гэсэн үг. Мэдээлэл алдагдах, аливаа эрсдэл үүсэхээс сэргийлж жилд нэг удаа л цаасан тайлан авна. Гэхдээ аливаа систем дөнгөж нэвтэрч байгаа учир нэвтрүүлэлттэй холбоотой асуудал мэр сэр гардаг. Үүнийг дор дор нь шийдээд явахыг эрмэлзэж ажилладаг. Зарим салбаруудад одоо хүртэл тайланг цаасаар авч байна гэсэн шүүмжлэл гарсан. Иргэдийн хувьд даатгалаа цаг хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг цахимаар хянах боломж бүрдчихлээ. Төрийн байгууллагууд ч юмуу, бусад газрууд цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын төлөлтөө нотлох зүйл авчир гэх мэт шаардлага иргэдэд тавьдаг. Энэ тохиолдолд цаасаар бүрдүүлэх гэж цаг заваа үрэх шаардлагагүй, цахимаар асуудлыг шийддэг болсон. Цахим үйлчилгээ нэвтрэхийн хэрээр иргэдэд учирдаг байсан хүнд суртал үгүй болно. Ингэхээр хүний хандлагаас үүсдэг авлига, хээл хахуулийг хумьж чадна. Энэ чинь л өөрөө цахим үйлчилгээний хамгийн сайн үр шим.
-Цахимжуулалтын үр өгөөжийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хэрхэн хүртэх боломжтой вэ? Энэ талаар манай уншигчид илүү сонирхож байгаа даа?
-Гадаадад байгаа иргэд маань “Нийгмийн даатгал” аппликэйшнийг суулгаад нийгмийн даатгалын үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой болж байна. Даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болсон. Сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэлсэн. Эхний ээлжинд “Sendly” аппликэйшнтэй хамтарч АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцлийг бүрдүүллээ. Ажил шат дараатай үргэлжилж байна. Хэрэглэгч өөрийн үйлчлүүлдэг банкны аппликэйшнийг гар утсандаа татан суулгаж www.qpay.mn сайтаас харьяа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагыг сонгон QR кодыг гар утсаараа уншуулаад төлбөрөө төлчихнө.
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цахимжилтын хүрээнд та дэлхийн хаанаас ч хандалт хийж Монголд зарлагдсан ажлын байрны талаарх бүх мэдээллийг нэг дороос авч, өөрийгөө ажил олгогч нарт танилцуулж болно. Магадгүй, танд сэтгэл зүйч, хуульчийн тусламж хэрэгтэй бол etuslamj.mn сайтад хандаад үзээрэй. Гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудал, хүчирхийллийг даван туулах зэрэг зөвлөгөөг онлайнаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчаас chatbot-оор авах боломжийг нээж өгсөн шүү.
-Цахимжуулахын хэрээр ажлын байрыг цомхтгоно гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Хэн ч ажлын байраа алдахыг хүсэхгүй. Тиймээс энэ салбарт ажиллагсад цахимжуулалтад хойрго хандаад байгаа юм биш биз?
-Ажлын байр, орон тоог хасахгүй. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилгээний танхимд ажиллаж байгаа албан хаагчдын маань ажлын ачаалал маш их шүү дээ. Харин ч цахимжуулалт хийсний дараа ачаалал хэвийн болж тэр хэрээр үйлчилгээний чанар, хүртээмж, харилцаа хаа хаанаа ая тухтай, ойлгомжтой, хөнгөн болно. Манай салбарынхнаас надад “Эхэндээ учрыг нь нарийн ойлголгүйгээр таныг салбараас хол хүн байна гэж ойлгож явсан минь буруу байжээ” гэсэн чат ирсэн. Тэгэхээр ийм ойлголт мэр сэр байсан юм билээ. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг хүн бүхэн нээлттэй, шууд талархалтайгаар хүлээгээд авчихдаггүй болохоор энэ нь байх л үзэгдэл.
-Та маш нээлттэй хүн учир үл ойлголцол харьцангуй бага байдаг байх. Дарга, сайд нар утсаа авдаггүй, мессеж, чат уншдаггүй гэсэн ойлголт газар авсан байдаг. Харин та комментод хүртэл тэр дор нь хариу өгсөн харагддаг?
-Нээлттэй, харилцан мэдээлэлтэй ажиллах нь миний ажлын гол зарчим. Санал байгаа бол шууд хэл. Ажил хийх гэж байгаа бол хурдтай бай. Харилцаа ийм байх нь илүү дээр шүү дээ.
-Хөгжлийн талаарх таны бодол, байр суурь юу вэ?
-Аливаа улс орон өгөгдмөл нөхцөл байдал буюу өөрийн улс орны давуу болон сул талыг зөв тодорхойлж байж хөгжлийн бодлогоо гаргах ёстой. Манай улс дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнуудын загварыг шууд хуулбарлахаас илүүтэй өөрийн онцлогт тохирсон хөгжлийн загварыг олох хэрэгтэй гэсэн үг. Бид өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай, геополитикийн давтагдашгүй өвөрмөц байршилтай. Дэлхийд бодлого тодорхойлогч хоёр том гүрний дунд оршиж буй бидний хувьд олон боломж хязгаарлагдмал мэт боловч, нөгөө талаас нь харвал яг түүн шигээ хязгааргүй олон боломж дунд байна. Бүх зүйл биднээс, өөрсдөөс маань шалтгаална. Миний хөгжлийн талаарх байр суурь бол дэлхийд үнэлэгдэх ур чадвартай, дэлхийтэй өрсөлдөх боловсролтой хүмүүсээс бүрдсэн чинээлэг дундаж давхаргыг бий болгох юм.
-Дэлхийд үнэлэгдэх ур чадвар гэсэн таны үгэнд Солонгост ажиллаж, амьдарч, сурч, боловсрол эзэмшиж байгаа иргэдийн маань ур чадвар багтаж байгаа байх аа гэж бодож байна?
-Шуудхан тийм гэж хэлнэ. Энэ үгийг би маш тод дуугаар хэлж байгаа юм шүү. БНСУ-д ажиллаж, амьдарч байсан олон залуус эх орон руугаа инновац, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг тээж ирж байгаа. Тэдгээр залуусын эхлүүлсэн жижиг, дунд бизнес амжилттай үргэлжилж байгаагийн гол нууц нь миний энэ хэлээд байгаа ур чадвар, дадлага, хандлага, туршлага шүү дээ. Солонгос хэлтэй болчихсон, ажлын ур дүйтэй, амьдрал, амжилтын төлөө тодорхой зорилготой залуус Монголд одоогоор хамгийн их орон зайтай байгаа үйлдвэрлэл рүү хүч түрж орж байгаад маш баяртай байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс тэдгээр залуустаа илүү нээлттэй, ойлгомжтой, ээлтэй бизнесийн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Одоо БНСУ-д ажиллаж амьдарч, сурч буй залуус минь та нар ч гэсэн эх орон руугаа инновац, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг тээж ирсээр л байгаарай. Монголыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах залуусын энэ урсгал тасралтгүй үргэлжлэх учиртай юм шүү.
-Та БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар юу хэлэх вэ?
-Манай яамны харьяа ХНХҮТ нь Солонгос улсад Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч 5000 гаруй иргэдээс гадна тэнд оршин суугаа 50 мянга орчим монгол иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Эх орноосоо хол ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн хувьд эх оронтой гэдгийг нь мэдрүүлж, ээлтэй дотно санагдах нэг газар нь шүү дээ. Ингэхдээ БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллахаас гадна хөдөлмөрийн гэрээт, ажил эрхлэгч иргэд болон ажил олгогч эзэд, компанийн захирлуудын хооронд гарсан үл ойлголцолд зохицуулалт хийж өгөхөөс эхлээд олгогдоогүй цалин хөлсийг нь авч өгөх, үйлдвэрийн болон гэнэтийн осолд өртсөн иргэдийнхээ эмчилгээ, сувилгааны зардал, даатгалын мөнгийг хөөцөлдөж олгуулах, хэлний бэрхшээлээс үүдэж аливаа асуудлаа шийдэж чадахгүй яваа иргэддээ орчуулга хийж өгөх зэргээр төвийн мэргэжилтнүүдэд хийхгүй ажил байхгүй. Хөдөлмөрийн харилцаанд үүсдэг бүхий л асуудлаар манай төвийн мэргэжилтнүүд иргэддээ үйлчилж байна. Мөн Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээг ч хилийн чанадад үзүүлж байна. Тэнд амьдарч байгаа ээжүүд, бяцхан монгол үрс ч төрийн халамж, хамгааллаас хоцрохгүй байх тал дээр анхаарч байна. Энэ бүхнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.
-Гадаадад олон жил суугаа зарим хүн таныг хувь хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байж магад. Та бол Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай агсны зээ охин. Танд өвөөгийн тань хэлж захьсан, байнга сэтгэлдээ тээж, алхаж гишгих тоолондоо бодож явдаг ямар үг сургааль байдаг вэ? Хилийн чанадад суугаа залууст хэрэг болно гэж бодож байгаа зарим сайхан үгий нь хуваалцахгүй юу?
-Өвөөгийн минь хэлдэг олон үг өдөр бүр, алхам тутамд бодогдож явдаг л даа. Тэднээс би хамгийн түрүүнд толгойд орж ирдэг, хэрэг болдог, хэрэгжүүлж, мөрдлөг болгодог зарим үгээс нь хэлж өгье. “Аливаа асуудлын шийдэл, гаргалгааг олохын тулд өөрийгөө бүргэдийн нислэгийн өндөрт тавьж харахыг хичээж байгаарай!”, “Аливаа маргаантай асуудалд эхлээд өөрийгөө нөгөө талын хүний байр сууринд тавьж асуудлыг ойлгохыг хичээж байгаарай!”, “Хүнийг анхааралтай, дуустал нь сонсож байх нь чухал. Учир нь монгол хүн яг хүссэн зүйлээ ярианыхаа төгсгөлд л хэлдэг”. Энэ бүхэн миний өвөө, “Монгол төрийн мэргэн өвөө” Пунцагийн Жасрай гэдэг хүний үр хүүхэд бидэндээ захиж, сургаж өсгөсөн үг сургамжийн өчүүхэн хэсэг юм шүү дээ.
-Ямар сайхан, яг онож хэлсэн үгс вэ? Үг болгон том утга агуулгыг өөртөө шингээжээ. Их юм бодогдууллаа. Таны цаашдын зорилго, тэмүүлж яваа зүйл тань юу вэ?
-“Бурхан аливаа хүнд даах ачааг нь үүрүүлдэг” гэж нэг сайхан үг байдаг даа. Хүн өөрийгөө хэдий чинээ сайн бэлтгэнэ, төдий хэмжээний хүнд ачаа, хувь заяаг үүрүүлнэ гэж би боддог.
Залуучууд бид өнөөдөр цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөж, өөрсдийгөө улам их боловсруулах, чадваржуулах хэрэгтэй байна даа.
-Солонгост суугаа монголчуудтайгаа сэтгүүлээр дамжиж холбогдсон танд баярлалаа.