Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 4 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-ын эрүүл мэндийн байгууллага Hyosan Medical Foundation–ний “Жисэм” эмнэлэгтэй эрүүл мэндийн хамгааллыг дэмжих, хамтын хөгжил, найрамдалт харилцааг дэмжиж монгол иргэдийн эрүүл мэндийг сайжруулах талаар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах арга хэмжээ нь цар тахлын үе учир тус улсад баримталж буй дүрэм журмын хүрээнд болсон бөгөөд “Жисэм” эмнэлгийн удирдлагын хэлтсийн дарга Ким Жон Гүг, БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах болон албаны хүмүүс оролцов.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд болон Монголоос БНСУ руу ирж эмчилгээ хийлгэж буй өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт хэвтэх, хагалгаа хийх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ авахад хөнгөлөлт үзүүлэх тал дээр харилцан тохиролцсон байна. Тухайлбал, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд нэмэлт хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа бөгөөд даатгалгүй иргэд ч мөн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай Монгол Улсын иргэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандсанаар энэхүү хөнгөлөлтийг эдэлж болох нээ.