Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв өнгөрсөн жилээс эхлэн БНСУ-д анх хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж байсан иргэдийн замнал, амжилтыг харуулсан “Монгол хүний хөгжил” цуврал подкастыг хийж Монголд болон БНСУ-д ажиллаж амьдарч байгаа залууст хүргэдэг болоод байгаа билээ. Энэ нэвтрүүлгийн 5 дахь дугаарын зочноор БНСУ-д үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатар уригдан оролцож байгаа юм. Д.Даваабаатар нь 16 жилийн өмнө анх Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж байсан бол өнөөдөр тэрээр БНСУ-ын тээвэр зуучийн болон худалдаа, үйлчилгээний хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж 40 орчим монгол, солонгос иргэдийг ажлын байраар хангаж байна.
БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус компанид зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Төвийн дарга Д.Баярмандах уулзалтын үеэр Монгол Улсын иргэд гадны улс оронд бизнес эрхлэн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв сайшаан дэмжиж байна хэмээсэн юм. Мөн тэрээр Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж байсан монгол залуу ийнхүү ахисан түвшинд хүрч амжилттай яваад баяр хүргэн, компанийн ажилчдад амны хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой хууль тогтоомж, гарын авлага бүхий тэмдэглэлийн дэвтэр бэлэглэж цар тахлаас хамгаалж, аюулгүй орчинд ажиллан эрүүл энх байхыг хүсэв. “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатар байгууллагын үйл ажиллагаа, салбар, чиглэлүүд, хүний нөөц, цаашдын зорилго зорилтоо дэлгэрэнгүй танилцуулж хилийн чанадад үйл ажиллагаа эрхэлдэг монгол байгууллагатайгаа холбоотой ажиллаж буй ХНХҮТ-ийн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийллээ.