БНСУ дахь ХНХҮТ-өөс бэлтгэн хүргэж байгаа “Монгол хүний хөгжил” цуврал подкастын 3 дахь дугаарт оролцсон залуучуудынхаа ярилцлагыг хүргэж байна. Тэд бол хөдөлмөрийн гэрээгээр ирээд ажил амьдрал нь амжилттай, өөдрөг яваа Сэтгэлхүүгийн Нямсүрэн, Чулуунбатын Нямдорж нар билээ. Мөн энэ нэвтрүүлэгт БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож монгол залуучуудтайгаа санал бодлоо солилцон, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Д.Баярмандах:-Монгол Солонгос хоёр улсын Засгийн газрын хооронд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг. Энэ баримт бичгийн хүрУэнд манай улсын олон мянган залуус энд ажил хөдөлмөр эрхэлж байна. ХНХЯ-ны харьяа ХНХҮТ-өөс хөдөлмөрийн гэрээгээр ирээд ахисан түвшинд хүрч амжилттай ажиллаж амьдарч байгаа залуусаа сурталчилж, бусдад үлгэр дууриалал болгох зорилготойгоор “Монгол хүний хөгжил” нэвтрүүлгийг хийж байна.
Ц.Мөнхцацрал: -Энэ удаа бид чөлөөт цагийн тухай сэдвээр ярилцахыг хүслээ. Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй залуусын чөлөөт цаг хэрхэн өнгөрдгийг хоёр зочны ярилцлагаас хүлээн авч сонирхоорой. Та хоёр өөрсдийгөө товчхон танилцуулаач?
Ч.Нямдорж: -Би Солонгос Улсад ирээд 4 жил гаруй болж байна. Ажлынхаа хажуугаар өөрийн дуртай спорт болох фитнесс бодибилдингээр хичээллэдэг. Монголд байхдаа тодорхой хугацаанд хичээллэж, энэ чиглэлээр тэмцээн уралдаанд оролцож байсан. Спортын мастер цолтой.
Д.Баярмандах: -Монгол улсын Спортын мастер, улсын тэмцээнд байр эзэлж байсан залуу хөдөлмөрийн гэрээгээр ирээд монгол залуусын төлөөлөл болоод ажиллаж байгаад бид баяртай байна.
С.Нямсүрэн: -Би Булган аймгаас ирсэн. 2017 онд Солонгос Улсад ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад 3 жил гаруй болж байна. Ирээд анхныхаа цалингаар шууд л фитнесс төхөөрөмж аваад гэрээрээ хичээллэж эхэлсэн.
Д.Баярмандах: -Мундаг байна шүү. Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 90 хувь нь хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр одоогоор 5000 гаруй залуучууд энд ажиллаж Монгол Улсынхаа нэрийг гаргаад явж байна. Ажлын цагийн хажуугаар амралт, чөлөөт цаг гэж бий. Тэр чөлөөт цагийг хэрхэн үр дүнтэй, үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Энэ тал дээр бидний хийж буй ярилцлага залуучуудад үнэтэй зөвлөгөө болно гэж бодож байна.
Ц.Мөнхцацрал: -Нямсүрэнгийн хувьд бие дааж хичээллээд бас нэлээд амжилт гаргажээ. Солонгос дахь тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байна. Энэ талаараа сонирхуулна уу?
С.Нямсүрэн: -Монголчуудын фитнесс тэмцээний Classic physique төрөлд түрүүлж Гран При шагнал авч байсан, Хуасоны тэмцээнд байранд орж цом авч байсан. Цаашид Гран При авах төлөвлөгөөтэй байгаа.
Ц.Мөнхцацрал: Солонгос Улсад ажиллаж байгаа залуучууд хүнд хүчир ажил хийхийн хажуугаар яаж спортоор хичээллэдэг юм бэ? Хэт ачаалалтай байхад спортоор нэмээд хичээллэхээр ядрах байх. Хоол хүнсээ хэрхэн зохицуулж байна вэ?
Ч.Нямдорж: -Ажил дээрээ биеийн хүчний ажил хийчихээд дахиад амралтаараа яаж дасгал хөдөлгөөн хийх вэ гэж бодогдох байх л даа. Хүн ажлын байранд ажил хийхэд гарын хүч их ордог. Биеэ тэнцвэртэй зөв хөгжүүлэхийн тулд ажил дээрээ ажиллуулдаггүй булчингуудаа хөгжүүлэх дасгал хийж болно. Харин оройтож тарсан, хэт ядарсан үедээ бол булчингаа амраагаад дасгал нэмж хийхгүй байсан нь дээр. Амралтын өдөр юмуу эсвэл эрт тарсан үедээ хичээллэж болно. Заавал өдөр бүр гэсэн зүйл байхгүй. Долоо хоногт 2-3 удаа ч юм уу, тодорхой давтамжтай хичээллэх нь зөв. Ер нь бол спортоор хичээллэхэд сахилга бат л их чухал байдаг.
Ц.Мөнхцацрал: -Тэмцээн уралдаанд орохын тулд ажлаасаа чөлөө авна гэсэн зүйл байхгүй биз дээ?
С.Нямсүрэн: -Үгүй, чөлөө аваад дэмий гэж боддог. Цалингаа бүтэн авах, ажлаа хийх нь гол зорилго. Цалингаа авч байж шаардлагатай зүйлээ авна, тэмцээн уралдаанд ороход бэлтгэл ажлаа хангахын тулд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэмцээнд оролцохын тулд өдөрт бэлтгэлээ нэг цаг л хийдэг. Үлдсэн цагтаа хоол ундаа хийгээд аль болох эрт амрахыг боддог. Гэхдээ нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм даа.
Д.Баярмандах: -Энд ирсэн гол зорилго ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа сайжруулах учраас тэмцээнд оролцохын тулд чөлөө авдаггүй ээ гэж байгаа нь сайхан санагдлаа. Хувийн зохион байгуулалт маш сайн байна. Нямдоржийн хэлснээр ажил хийхэд гарын булчин ажилладаг бол дасгалаар бусад булчингаа ажиллуулах чухал гэж байна. Амрах үедээ амраад, ийм сайхан зүйлийг өөртөө хэвшил болгож, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай сайхан монгол залуучууд зөндөө бий болж байгаа нь талархууштай. Чөлөө авахгүй ажлаа сайн хийгээд байгаа болохоор эзэн чинь баярлаж бахархан хүндэтгэлээ илэрхийлдэг байх нь шүү дээ. Бидний гол зорилго бол ерөөсөө л энэ. Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн залуучууд маань зорилгодоо үнэнч, ажлаа сайн хийдэг, амьдралаа сайн авч явдаг, өөрийгөө хөгжүүлдэг, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг, тодорхой хэмжээнд амжилт үзүүлж, Монгол гэсэн нэрийг өндөрт өргөж явааг дэмжихэд л оршиж байгаа юм. Нямсүрэнгийн хувьд 3 жил нь дуусч байгаа, дахиад 1 жил 10 сараар сунгахаар төлөвлөж байгаа юм байна. Нямдорж 1 жил 10 сараа сунгуулсан байна. Үүний дараа Монголдоо буцах, сурах юмуу эсвэл тусгай, тогтвортой нөхцлөөр дахин ирэх боломжууд байгаа. Ингэж амжилттай ажиллаж хөдөлмөрлөөд нутагтаа очсон залуучуудаа төрөөс урамшуулж, дэмжиж байх хэрэгтэй гэсэн бодлого барьж тодорхой үр дүнд хүрэх зорилготой байна. Нөгөө талаас хувь хүний ийм сайхан чанаруудыг таниулж, бусдад үлгэр дууриал үзүүлэх зорилгоор манай мэргэжилтэн Ц.Мөнхцацрал энэ ярилцлагыг хийж байгаа юм. Ахисан түвшин гэдэг нь хамгийн энгийнээр хэлэхэд хөдөлмөрийн гэрээгээр ирээд мэргэшсэн ажилтан болж зайлшгүй хэрэгцээт мэргэжилтэн болох, оюутан бол магистр, доктор гээд эрдмийн зэрэг цолтой болоод зайлшгүй хэрэгтэй, дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн алхах чадвартай мэргэжилтэн болох, өвдөөд ирсэн иргэн 100 хувь эдгээд буцах зэрэг ийм л зүйлийг бид ахисан түвшинд хүрнэ гэж дэмжиж ажиллаж байгаа юм шүү дээ. Ингэхэд та хоёрын хэтийн зорилго юу байгаа вэ?
Ч.Нямдорж: -Анх Монголоос ирэхдээ гадаадын оронд 10 жил орчим болоод ирнэ гэсэн зорилготой хөл тавьсан. Одоо гэрээний хугацаа дуусахад нутагтаа очоод дахин визээ бүрдүүлээд орж ирэх, цаашдаа сонирхсон чиглэлээрээ суралцах, эсвэл дахин хөдөлмөр хийхээр ирээд их зүйлийг сурч мэдэх зорилготой байгаа даа.
С.Нямсүрэн: -Солонгост ирэх гэж хөгтэй юм болсоон. Хүмүүс мөнгө аваад виз гаргаж өгнө гэсэн зүйл Монголд их байдаг шүү дээ. Тэгэж яваад их хугацаа, мөнгө алдаж хохирсон. Дараа нь харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт бүртгүүлээд ёс журмынх нь дагуу яваад хөдөлмөрийн гэрээгээр ирсэн. Хүмүүст хандаж хэлэхэд, ийм албан ёсны юмаа л хөөгөөрэй. Миний зорилго анхнаасаа л тамирчин болох зорилготой. Тамирчин болохоор бэлтгэл хийх зэрэгт Монголд намайг хэн тэжээх вэ гэсэн асуулт гарна аа даа. Ингээд би өөрөө мөнгөө олдог, бэлтгэлээ ч хийчихдэг, өөрөө өөрийгөө болгоод байх тийм л газар очъё гэж бодоод Солонгост ирэх гэж будилсаар байгаад ирсэн. Анхнаасаа бодож зорьж байсан болохоор анхны цалингаасаа тоног төхөөрөмжөө авсан. Манай ажил өглөө 8-аас орой 8 хүртэл ажилладаг. Ажлаа тараад 2 цаг дасгалаа тогтмол хийгээд тэмцээнд оръё гэсэн бодолтой. Мэргэжлийн тамирчин болохыг хүсч байна. Эхний ээлжинд Солонгосын хэд хэдэн тэмцээнд “Про” болохыг хүсч байна. Цаашдаа улам хичээж зүтгэх болно.
Ц.Мөнхцацрал: -Зорилгоо тодорхойлоод өөртөө үнэнчээр зөв хэвшил, дадал бий болгоод зүтгэхэд хүн зорьсондоо хүрдэг. Нямсүрэнгийн найз бүсгүй бас фитнессээр хичээллэдэг, тэмцээн уралдаанд ордог гэсэн?
С.Нямсүрэн: -Тийм ээ. Би анхны тэмцээндээ найз охиноосоо зөвлөгөө авч байсан.
Д.Баярмандах: -Солонгос Улсад тамирчин болно гэсэн зорилго маш сайхан байна. Манай залуус сайн зорилго төлөвлөгөөтэй явдгийг харах сайхан байна аа. Ингэж байж л ахисан түвшинд хүрч, амьдрал ахуй нь улам сайжирна гэдгийг олон залуус энэ ярилцлагаас ойлгох байх. Хоёр улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээний дагуу ирчихээд гэрээгээ сайн биелүүлж, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа залуусаа бид байнга дэмжиж ажиллана. Ямар тодорхой зорилго, шийдвэр гаргах вэ хэмээн ажиллаж байна. Монгол улсдаа ч тэр, Солонгост ч тэр дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Залуучууд маань ямар нэгэн эрсдлээс болгоомжилж ажиллах нь зүйтэй шүү. Хоёулаа махны үйлдвэрт ажилладаг гэж байна, үйлдвэр дээр ажиллаж байхад эрүүл мэндэд хортой ч юмуу осолтой зүйл хэр байна?
Ч.Нямдорж: -Ажил дээр бол киге дээр ажиллана. Будагч бодис, амтлагч зэрэг хэрэглэдэг газарт маск зүүх зайлшгүй шаардлагатай байдаг. 30-аад ажилчинтай, захиргааныхан нийлээд 50-иад хүн бий. Үндсэн 8 цаг дээрээ илүү цагаар нэлээд ажилладаг.
С.Нямсүрэн: -Аюулгүй үйлдвэр гэж байхгүй л дээ. Бас л тоног төхөөрөмж хэрэглэдэг.
Д.Баярмандах: -Тоног төхөөрөмж дээр анхаарал болгоомжтой ажиллаарай. Иргэдийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бид Солонгосын Хөдөлмөрийн яамны харъяа агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллаад жил гаруй болж байна. Хөдөлмөрийн гэрээт иргэддээ сургалт хийхээр төлөвлөж байна. Аюулгүй байдлын тал дээр анхаарахгүй байгаа үйлдвэрийн газрууд, тийм асуудлууд байвал хэлэх хэрэгтэй. Бид үйлдвэрийн эзэнд нь хэлж, зөвлөгөө өгч байна. Таван төгрөг олох гэж ирчихээд тахир дутуу болчихоод явж байгаа хүмүүс гардаг, маш харамсалтай. Тиймээс бид нэгдүгээрт, хүмүүсээ ахисан түвшинд хүргэхэд анхааръя, хоёрдугаарт үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхааръя гэсэн гол зорилгуудтай ажиллаж байна. Энд ажиллаж байгаа нэг нь үндсэн цалингаас гадна илүү цагийн хөлсийг жинхэнэ “нар саргүй” гэдэг шиг л хөлсөө дуслуулж ажиллаж байж олж авч байгаа шүү гэдгийг ойр дотных нь хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Ах нь Японд сурч байсан л даа, илүү цагийн хувьд хатуу байдаг. Өөрийн бүх хүч, оюунаа зарж байж олж байгаа мөнгө учраас хариуцлагатай, аль аль талдаа ойлголцож зөв зарцуулж байгаарай гэж хүсч байна. Нэг үйлдвэр дээрээ удаан тогтвортой ажиллана гэдэг маш том амжилт юм шүү. Нэг гэрээт иргэн 9 жилийн хугацаа нь дуусаад нутаг буцахад гэрийнхэн нь бүр сэтгэл тэнэгэр “Одоо буцаад ир ээ, болсоон” гэсэн гэж ярихыг сонсоод их сайхан санагдаж байсан. Залуучууд манай руу үйлдвэрийн эзэд болон бусад хүмүүстэй харилцаж байгаа харилцааны асуудал дээр гомдол гаргадаг. “Эхлээд намайг их дорд үздэг байсан, тэвчээд байсан чинь эргээд өөрсдөө зүгээр болдог юм байна лээ” гэж ярихыг ч сонссон. Тэр нэг анхны хэсэг үеийг л тэвччих юм бол түүнээс хойш сайн болдог гэж байсан. Энэ тал дээр та нарт ямар асуудал үүсч байсан бэ?
С.Нямсүрэн: -Анх ажлаа мэдэхгүй байхад хэн ч гэсэн будилна. Солонгос хүмүүс өрөнхийдөө нэлээд омогтой, жижиг сажиг асуудал дээр хашгираад бухимдана. Аль болох ажлаа хурдан сураад, өөрөө шамдаад байхад аяндаа гайгүй болчихдог.
Д.Баярмандах: -Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монгол сайхан үг байдаг. Тэр улсдаа байгаа хүмүүсийн зан заншлыг ойлгох хэрэгтэй. Наанаа харааж загнаж байгаа боловч цаанаа бас тийм биш байж болно. Нямдоржийн хувьд ийм асуудал гарч байсан уу?
Ч.Нямдорж: -Тийм асуудал байсаан, хамгийн эхний үйлдвэрийн дарга нар ах шиг л байсан. Ажлаа солиод ирэхээр янз янзын юм үзнэ л дээ. Юуны түрүүнд хэлээ сайн сурах хэрэгтэй санагддаг. Тэвчээр бол маш сайн зүйл, гэхдээ л бас хэцүү шүү дээ. Тэвчээд л, тэвчээд л явдаг. Сэтгэлзүйд нь маш их юм хуримтлагддаг гэж боддог. Хэлийг алдаа гаргасан бол алдаагаа тайлбарлах хэмжээний, өөрийгөө ойлгуулдаг хэмжээнд сурах хэрэгтэй. Түүнээс хэлийг нь сураад хэрэлд гэж байгаа биш л дээ. Эелдэг байх хэрэгтэй, ямар нэгэн байдлаар уурласан үедээ харьцахгүй байх нь зөв. Ажлаа сайн хийх хэрэгтэй, ажлыг сайн хийхээс гадна тухайн үйлдвэрийн өөрийн соёл, журам гэж байгаа. Тэр бүгдийг ойлгох хэрэгтэй юм болов уу. Бусад Зүүн өмнөд Азийн улс орнуудын хүмүүст ч хүндэтгэлтэй хандаж, өөрөөсөө жижиг биетэй хүнийг ч бас хүндлэх хэрэгтэй. Хүнийг хүндэлж байж бусдын хүндлэлийг татна.
Д.Баярмандах: -Маш зүйтэй. Ажил олгогчоо хүндлэх хэрэгтэй, тухайн үйлдвэрийн дотоод уур амьсгалд зохицох ёстой гэж байна. Хэлээ сайн сурах, ажлаа сайн хийх хэрэгтэй гэж байна. Ажлаа буруу хийгээд байвал мэдээж хүний уур хүрнэ гэх мэтчилэн… Өнөөдөр Солонгос Улсын буянаар манай олон айлын амьжиргаа дээшилсэн, олон хүн надтай уулзахдаа “Буянтай сайхан орон шүү” гэж хэлдэг. Олон оюутнууд “Энэ улсаас дэлхийн хэмжээний мэдлэг олж сурлаа” гэж хэлдэг. Олон хүн аюултай өвчнөөсөө саллаа гэдэг. Энд байгаа хүмүүс ч, Монголд байгаа гэр бүлийнхэн нь ч гэсэн энэ улсын сайн талыг нь бахархаж, талархаж байгаасай гэж боддог.
Ц.Мөнхцацрал: -Ярилцлагын гол сэдэв энд ажиллаж байгаа залуус чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх тухай байлаа. Ингээд хоёр зочноосоо залуустаа хандаж үг хэлэхийг хүсэж байна?
Ч.Нямдорж: -Эрүүл мэндээ нэгт тавих хэрэгтэй. Үйлдвэрт хийж байгаа ажил бол бидний хувьд хамгийн дуртай ажил биш. Тийм болохоор хажуугаар нь өөрийгөө аз жаргалтай болгодог, идэвхжүүлж байдаг ямар нэгэн зүйлийг хийж байх хэрэгтэй. Заавал фитнесс гэхгүй ээ, өөрийнхөө дуртай ямар нэгэн спортоор хичээллээрэй гэж уриалж байна. Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!
С.Нямсүрэн: -Хүн бүхэн ажил хийж байгаа. Тэр ажлаасаа гадна өөрт олдсон чөлөөт цагаа өөрийнхөө хүссэн тэр зүйлдээ зориулаарай гэж хэлмээр байна.
Ц.Мөнхцацрал: -Бидний урилгыг хүлээн авч ярилцсан хоёр зочиндоо их баярлалаа.
Д.Баярмандах: -Солонгос Улсад манай иргэд хөдөлмөрийн гэрээгээр ирж эхэлсэн 2004 оноос хойш олон залуус амжилтанд хүрчээ. Урлагийн, спортын хүмүүс, төрийн албандаа тууштай ажиллаж байгаа залуус байна. Түүхийн түүчээ энд та бүхнээр үргэлжилж байна. Ийм залуучууд улам олон болох болтугай!
Энэхүү ярилцлагын дараа ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах С.Нямсүрэн, Ч.Нямдорж нарыг Монгол Улс, БНСУ-ын хооронд байгуулсан Ажиллах хүч илгээх санамж бичигийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ирж тогтвор суурьшилтай ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж бодибилдингийн спортоор тууштай хичээллэн амжилт гаргаж, монгол залууст үлгэр дууриалал болж байгааг нь үнэлэн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан билээ. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа олон мянган залуусын төлөөлөл болсон та хоёртоо улам их амжилтыг хүсэн ерөөе!