“Нийгмийн даатгалын тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Нийгмийн даатгалаас чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуулиудад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс , түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ … 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байна” гэж заасны дагуу 2021 онд ажил олгогч болон албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалд тус бүр 9.5 хувиар тооцож шимтгэл төлнө.
Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны “Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай” 05 тоот тогтоолоор баталснаар 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлд сард 40 000 вон төлөх ба хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгэх орлогын хэмжээг нь төлсөн шимтгэлийн дүнгээс 9.5 хувиар тооцон, тухайн өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэнэ.
- Сайн дурын даатгуулагч болон хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар:
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сайн дурын даатгалд даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ… 2021 онд 12.5 хувь байна” гэж заасан.
Иймд сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 12.5 хувь, тэтгэмжийн даатгалд 1.0 хувь, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1.0 хувь, нийтдээ 14.5 хувь байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны “Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай” 05 тоот тогтоолоор баталснаар Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа сайн дурын даатгуулагчийн сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ 40 000 воноос багагүй байна.
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн дээд хэмжээ 609 000 төгрөг (4 200 000 төгрөг*14.5%) байна.
- Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний, 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан сайн дураар даатгуулагчийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 8.5 хувиар шимтгэл төлүүлнэ.
- Сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байх хугацааны шимтгэлийг дор дурьдсан байдлаар төлүүлнэ. Үүнд:
Сайн дураар даатгуулагч эх өөрөө төлбөл зохих шимтгэл (50 хувь)-ээ төлсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон дүн буюу 28 350 төгрөг (нийтдээ 6.75 хувь, үүнээс тэтгэврийн 6.25 хувь, тэтгэмжийн 0.5 хувь)-ийг улсын төсвөөс эсхүл тэтгэмжийн даатгалын сангаас төлүүлнэ.