Гадаад иргэдийг улирлын чанартай ажилд ажиллах эрх олгох тогтолцоог хэрэгжүүлэх тухай
Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас улс орнууд өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд тус улсын Хууль зүйн яамнаас 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Солонгос улсад оршин сууж буй гадаад иргэдийг улирлын чанартай ажилд ажиллах эрх олгох тогтолцоог хэрэгжүүлэхээр болов. Үүнд, айлчлал (F-1), гэр бүл (F-3)-ийн визтэй иргэд болон хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан ч “Ковид19”-өөс үүдэн нутаг буцаж чадахгүй байгаа мэргэжлийн бус ажил эрхлэлтийн (E-9) визтэй иргэдийг хамруулахаар болжээ. Энэхүү тогтолцооны дагуу бүртгүүлэн ажиллах эрхээ авсан иргэд улирлын чанартай ажил буюу газар тариалан, далайн аж ахуйн салбарт ажиллах бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллах эрх авч болох юм.
Цалин хөлсний хувьд ажлын хөлсний доод хэмжээнээс дээш олгох бөгөөд үйлдвэрийн ослын даатгалд хамруулж, шаардлагатай тохиолдолд орон байраар хангах боломжтой ажээ.
Гэрэл зургийг http://www.uurhai.mn/news/view/4759 сайтаас