Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Муг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, иргэдийнхээ асуудлаар харилцан ярилцаж санал солилцов. Тухайлбал, Е-9 визээр ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан иргэд хууль бус болох байдлыг таслан зогсоох асуудал дээр хоёр улсын төрийн бодлогоор шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэн зөвшилцлөө.
Уулзалтын үеэр Гил Ган Муг дарга монгол иргэдийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан юм. Солонгос улсын Хууль зүйн яамнаас цар тахалтай холбоотойгоор албадан баривчилгааны аян зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн хэдий ч 2 сарын 17-ны өдрийн байдлаар Хуасон хотын түр хамгаалах байранд Монгол Улсын 16 эрэгтэй, 5 эмэгтэй, нийт 21 иргэн саатуулагдаж байгаа ажээ. Албадан баривчилгаа зохион байгуулаагүй үед манай улсын иргэд ийнхүү олноороо түр саатуулах байранд хоригдож байгаа шалтгаан нь Цар тахлын үед зай барих журам зөрчсөнөөс үүдэлтэй юм байна. 5-аас дээш тооны хүн цуглаж болохгүй журмыг зөрчин олуулаа цугласан мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага ажиллаад бичиг баримтгүй иргэдийг цагаачлалын албанд хүлээлгэж өгснөөр манай 21 иргэн ийнхүү Монгол руу хийх чартер нислэг хүлээн гадаад иргэдийг түр хамгаалах байранд байгаа гэнэ.
Цар тахлын үед оршин суугаа улс орныхоо дүрэм журмыг сахин биелүүлж, олуулаа цуглахгүй, чухал шаардлагагүй бол гадуур их гаралгүй, дархлаагаа дэмжин эрүүл мэнддээ анхаарч байхыг БНСУ-д оршин суугаа монгол иргэдээсээ хүсье!