ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ ЦАХИМ УУЛЗАЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-10-23
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгаа асуудал, мөн ажлын байр солих, ур чадвартай ажиллах хүчний Е7-4 визний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч цахим уулзалтыг 2026 оны 10 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтад төвийн дарга Б.Жаргалмаа болон төвийн албан хаагчид мөн Монгол Улсаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхжаргал нар оролцлоо.
Тус уулзалтад хамрагдаж буй иргэд ажлын байранд тулгарч буй дараах асуудлын хүрээнд нээлттэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Үүнд:
– Ажлын байран дахь ХАБЭА-ын хангамж дутмаг
– Ажлын байраа солих, ажил хайгчаар бүртгүүлэх
– Хөдөлмөрийн гэрээгээр өөр нийгэмд ирж байгаа тул сэтгэлзүй болон тухай орны соёлын талаар сургалт явуулах
– Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн (사희통합프로그램) Солонгос хэлний сургалтад хэрхэн хамрагдах
– Хөдөлмөрийн гэрээт иргэдэд хүний хөгжлийн талаар сургалт явуулах
– Татварын буцаан олголтын талаар видео зөвлөгөө өгөх
Мөн сургалтад оролцогсод дундаас БНСУ-д Олон Улсын нийгмийн бодлогын чиглэлээр суралцаж буй оюутан манай төвөөс оюутнуудад чиглэсэн хамтын ажиллагаа байж болох мөн судалгаа, мэдээлэл солилцож болох талаар санал тавилаа.
Уулзалтад хөдөлмөрийн гэрээт иргэд болон бусад төрлийн визтэй нийт 22 иргэн хамрагдлаа.