УЗБЕКИСТАН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АГЕНТЛАГИЙН БНСУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
2026-06-08
Узбекистан Улс олон улсад хүлээсэн үүргийн дагуу аюулгүй, хууль ёсны, зохион байгуулалттай бөгөөд эх орондоо эргэн ирэхийг дэмжсэн шилжилт хөдөлгөөний бодлогыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага болох Узбекистан Улсын Ерөнхий сайдын харьяа Шилжилт хөдөлгөөний агентлагийн БНСУ дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай тус төвийн төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр танилцлаа.
Шилжилт хөдөлгөөний агентлагийн БНСУ дахь төлөөлөгчийн газар нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй Солонгос Улсад оршин сууж байгаа иргэддээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудалд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн гэрээт (E-9) иргэдийн оршин суух, ажиллах явцад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Узбекистан улс 38 сая хүн амтай, БНСУ-д 150,000 орчим иргэн оршин сууж байгаагаас 15,000 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч байна.
БНСУ-д ажиллаж байгаа Узбекистан Улсын хөдөлмөрийн гэрээт (E-9) иргэдийн тухайд хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, усан онгоцны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Засгийн газраас гэрээт иргэдийг тогтвортой ажиллуулах, хууль бус болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурван талт гэрээ байгуулан ажилладаг байна.
Уулзалтын үеэр хоёр тал үйл ажиллагааны чиглэл, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, цаашид хоёр улсын иргэдийн хөдөлмөрлөх эрх болон нийгмийн хамгааллын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.