“МОНГОЛ АЖИЛЧДЫН ГАДААД ХЭЛ, СОЁЛ УЛАМ САЙЖИРЧ БАЙГАА” ГЭВ
2026-05-12
Тус төвөөс хөдөлмөрийн гэрээний (Е-9) визээр БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийнхээ нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажил олгогчийн санал бодлыг нь сонсох зорилгоор үйлдвэрүүдтэй танилцах ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаад Сөүл хотод байрлах Дунхэсүсон (동해수산) үйлдвэрийн ажил олгогч, ажилчидтай 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уулзлаа.
Тус компани нь хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сургуулийн үдийн хоолны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хариуцдаг бөгөөд 1988 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Үйлдвэрийн захирал И Хун Хань (이 홍 한) уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монголчуудыг анх 20 жил орчмын өмнө ажиллуулж үзсэн. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэх, маргаан үүсгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд гаргадаг байсан. Харин Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Е-9 визээр ажилтан илгээдэг болсноос хойш цаг үеэ даган залуус соёлтой сайхан болж байна.
Манайх 13 гадаад ажилчинтай ба бүгд Монгол хүмүүс байдаг. Хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир хүйтэн нөхцөлд ажилладаг.
Монгол ажилчид маань хүйтэн орчинд сайн дасан зохицож ажилладаг бас биеийн хүч сайтай. Сүүлийн үеийн Монгол залуус солонгос хэлний мэдлэг сайжирч байгаа ч зарим ажилчны тухайд хэлний бэрхшээлтэй тулгарах тохиолдол бий.
Иймд Солонгос руу ирэхээс өмнө сургалтыг чанартай сайн зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн онцолсон юм.
Монгол иргэдийг олноор нь ажлын байраар хангаж, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж тус төвийн тасгийн дарга С.Сүнчин талархлын бичгийг ажил олгогчид гардуулсан.
Түүнчлэн Монгол ажилчдынхаа санал бодлыг нь сонсож, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, ур чадвартай ажилчны визний асуудлаар мэдээлэл өгөн, солонгос хэлний сурах бичиг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гарын авлага түгээж ажиллалаа.