“LAON CORPORATION” ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2025-12-08
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн дарга С.Эрдэнэбат 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Гёнги аймгийн Пучон хотод байрлах “LAON CORPORATION” тавилгын үйлдвэрийн удирдлага Пак Юн Жү болон тус салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдтэй уулзаж, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Уулзалтад тус үйлдвэрт Е-9 визээр ажиллаж буй 10 иргэн оролцож, ажил байдлаа танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцсан. Тэд ажлын байр тухтай, ажил олгогчийн талаас ямар нэгэн асуудал, бэрхшээл байхгүй талаар сэтгэгдлээ илэрхийлэв.
Мөн салбар хариуцсан захирал Пак Юн Жү “Монгол хүмүүс ажилд сайн, тийм учир бид гадаад ажилчдаас монгол хүнийг түлхүү сонгож ажилд авдаг. Монгол ажилчдыг авч ажиллуулсан олон жилийн туршлагатай, анх ажиллаж байсан монгол иргэд хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулсан тухайгаа сонирхуулах зэргээр байнга холбоотой байдаг” гэсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн дарга С.Эрдэнэбат Монгол ажилтнуудыг авч ажиллуулж, амьдрах байр, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд анхаарал тавин ажиллаж буй компанийн удирдлагуудад талархлаа илэрхийлээд цаашид эргэх холбоотой байж, монгол ажилчдыг байнга сонгож, дэмжин ажиллаж байхыг хүслээ.