ВИЗГҮЙ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
2025-12-04
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ болон Сөүл хотын “Seoul Jump Medical Center”-тэй хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд нийт 11 иргэнийг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хамрууллаа.
Үзлэгийн үеэр иргэд дотор, чих, хамар, хоолой, гэмтлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан бөгөөд шаардлагатай гэж үзсэн зарим иргэдийг рентген (X-ray) шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээ, оношилгооны үр дүнд:
• 6 иргэн физик эмчилгээнд
• 1 иргэн тохойны үе
• 2 иргэн өвдөгний үеийн өвчин намдаах тарилгад хамрагдав.
Энэ үеэр иргэдэд эмийн болон эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, мөн орчуулгын туслалцаа үзүүлэн ажиллалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хууль бусаар ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан нийгмийн хамгааллын үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.