БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас Азийн орнуудын Хөдөлмөрийн атташе болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан албан хаагчдын хамруулан 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний тэтгэврийн албаны Олон улсын хамтын ажиллагааны төвийн албан хаагчид болон Монгол, Камбож, Индонез, Киргизстан, Лаос, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Узбекистан болон Вьетнам улсын 22 албан хаагч хамрагдсан ба тус төвийг төлөөлөн Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд БНСУ-ын улсын нийгмийн даатгалын тогтолцоо, шимтгэлийн хувь хэмжээ, цаашдын бодлого төлөвлөлт, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар Үндэсний тэтгэврийн албанаас мэдээлэл хийсэн.
Тус улс нь одоогийн байдлаар дэлхийн 31 оронтой хугацаа нэгтгэн тооцох хэлэлцээртэй бол манай улсыг оролцуулаад 10 улстай шимтгэл давхардуулахгүй төлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Солонгос улсын хөдөлмөрийн зах зээл дэх гадаад ажилчдын хамрах хүрээ өргөжихийн хэрээр тэдгээр иргэдийн нийгмийн хамгааллын асуудал чухлаар хөндөгдөх болсон.
Иймд “даатгагч-даатгуулагч, ажил олгогч-ажилтан аль алинд нь ашиг тустай хамтын хэлэлцээрийг байгуулан мөрдөж ажиллах зорилготой” гэдгийг зохион байгуулагч талаас онцолж байсан юм.
Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлоод зарим нэг тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал шимтгэлийн буцаан олголт авах хүсэлтийг Монгол талаас гаргасан даатгуулагчид буцаан олголтыг шийдвэрлэн олгох хугацаа сунжирч байгаа талаар, байгууллага хоорондын дата, мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай байгаа талаар, түүнчлэн улирлын чанартай ажиллах хүчний Е-8 визтэй иргэдийн шимтгэл төлөлтийн зохицуулалтыг анхаарч үзэх шаардлагатай байгааг дурдсан.
Мөн үеэр НДЕГ-ын даргын мэндчилгээг уламжилж, 3 талын оролцоотой цахим уулзалт зохион байгуулан нийгмийн хамгааллын хэлэлцээрт тусгах санал, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.
Үндэсний тэтгэврийн албаны зүгээс өөрийн орны иргэдийнхээ төлөө идэвх зүтгэл гарган ажилладагт талархал илэрхийлээд, буцаан олголтын шийдвэрлэх хугацааг түргэсгэх, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.