Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд өнөөдөр /2025.09.10/ БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаатай албан уулзалт хийлээ. Уулзалтад Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ, ХНХҮТ-ийн Хөдөлмөр нийгмийн үйлчилгээний тасгийн дарга С.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар товч мэдээллийг хүргэсний дараа зарим нэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцлаа.
Тухайлбал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахад төсөв хязгаарлагдмал, улирлын чанартай Е-8 визээр ирж буй иргэдийн бүртгэл хяналт учир дутагдалтай, хөдөлмөрийн маргаантай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхэд Солонгосын холбогдох төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа зэргийг төвийн дарга дурдсан.
Түүнчлэн хууль бусаар оршин суух асуудлыг бууруулах, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр улсын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” болон “Ажиллах хүч илгээх санамж бичиг”-т зарчмын зарим өөрчлөлтийг тусгах цаг үеийн шаардлага үүсээд байгааг талууд онцлов.
Цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэлийг уулзалтын төгсгөлд хэлэлцлээ.
Тухайлбал, гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд суугаа орны Засгийн Газраас анхаарал хандуулж байгаа энэ үед хөдөлмөрийн хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй удаа дараа зөрчил гаргасан ажил олгогчийн мэдээлэл, цалин хөлсөө авч чадаагүй Монгол Улсын иргэдийн асуудлыг Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.