ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН ГЭР БҮЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ, ОЮУТНУУД ЗОЧИЛЛОО
2025-06-27
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэ, тус сургуульд гэр бүл судлаач мэргэжлээр магистрын шатны сургалтад сууж буй оюутнууд зочилж төвийн Захиргаа, хамтын ажиллагааны тасгийн дарга Б.Отгонжаргалтай санал солилцох уулзалт хийлээ.
🔵 Уулзалтад оролцсон Гэр бүл судлалаар магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутан судлаачид нь нийслэлийн дүүрэг, орон нутгийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-ыг санаачлан үүсгэн байгуулагчид юм.
🔵 Төвийн албан хаагчид эдгээр оюутан судлаачдад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын төрийн бодлого, хилийн чанад дахь хэрэгжилт, манай төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, БНСУ-ын хүн ам зүй, төрөлтийг дэмжих бодлого, хөтөлбөр, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмжих, тогтвортой ажил эрхлэх хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хүргэлээ.
🔵 Уулзалтын үеэр талууд цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон. Тухайлбал, монгол гэр бүлийн гишүүдэд тулгамдаж буй хил дамнасан олон асуудлыг тодорхойлж, хэрхэн шийдэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг хамтран зохион байгуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зэрэг үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.
🔵 Судалгаа нь зөвхөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа гэр бүлийн гишүүд бус, эх орондоо үлдсэн гэр бүлийн гишүүд, олон соёлт гэр бүлийн бүх гишүүдийн эрх үүрэг, харилцаа, сэтгэл зүйн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга замыг тодорхойлох төдийгүй холбогдох бодлого, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.