СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ГЭР БҮЛ, МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-26
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа Сөүл хотын Гванжин дүүрэгт байрладаг Солонгос дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, захирал И Ган Э нартай энэ сарын 2-ны өдөр уулзаж ярилцав.
Уулзалтын үед төвийн дарга Б.Жаргалмаа “3 жилийн өмнө УИХ-ын байнгын хорооны ажлын хүрээнд ирэхдээ Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байсны хувьд тус сургууль нь гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд төрөлх хэл, соёлоо өвлөж уламжлах, эх хэл дээрээ хичээллэх боломжийг олгодогт талархаж явдгаа илэрхийлье” гэлээ. Тэрээр “Статистикаас харахад БНСУ-д оршин сууж буй гэр бүл, хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхдийн сурч боловсрох хэрэгцээ, хүүхдийн эрхийн асуудал улам чухал болж байна. Иймд Монгол сургуулийн удирдлагуудтай уулзаж Солонгос дахь монгол хүүхдийн асуудлаар олон үр дүнтэй ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэсэн.
Юү Хэ Гын захирал төвийн даргын саналыг талархан хүлээж авсан бөгөөд “Таны хувьд гадаадад сурч буй монгол хүүхдүүдээ монгол хэл, өв соёл, түүхээс нь холдуулахгүй байх үзэл баримтлалтай байгаа нь их таалагдлаа. Хойшид монгол гэр бүл, хүүхэд нэмэгдэх төлөвтэй гэсэн таны үгээс бид хамтарч их зүйлийг хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Бидний зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллах болно” гэв.
Уулзалтад оролцогчид монгол хэл, түүх, өв соёлоо уламжлах, монгол хүүхдийн оюуны болоод бие бялдрын хөгжлийг дэмжин хөгжүүлэх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхэд-гэр бүлийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал зэрэг өргөн хүрээг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг Солонгос дахь монгол гэр бүл, монгол хүүхдүүдийн хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.
🟠Үүсгэн байгуулагч Юү Хэ Гын захирлын ярианаас:
🔸“…Монгол сургууль 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулиар дамжин гарсан болон төгссөн 2000 гаруй төгсөгчид бий болжээ. Тэд БНСУ-ыг сайн мэддэг Монгол хүмүүс болсон. Төгсөгчдийн холбоо байгуулагдсан. Анх би хүүхдүүдээ хэрхэн сургах вэ гэж боддог байсан бол одоо би сурч төгссөн хүүхдүүдээ хэрхэн амжилтад хүргэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлсэн…”
🔸“…26 жилийн өмнө сурах эрх нь зөрчигдөж байгаа монгол хүүхдүүдийг хараад сэтгэл өвдөж, хэцүү байдаг байсан. Харин одоо бол би энэ олон жилийн турш хийж ирсэн зүйлдээ харамсдаггүй. Надаас “Амьдралдаа хийсэн хамгийн сайхан зүйл чинь юу вэ?” гэж асуувал би “Монгол сургууль” гэж хэлнэ. “Эргээд залуу насандаа очвол юу хийх байсан бэ?” гэвэл ахиад л би “Монгол сургууль байгуулна” гэж хэлнэ. Сургуулиа, хүүхдүүдээ дэлхийд таниулах мөрөөдөлтэй…”