СОН ЖИНЬ КОМПАНИД АЖИЛЛАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2025-05-14
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа, Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе Б.Батжаргал, Сөүл хотын цагдаагийн газрын ажилтан Юнь Рю Гён нар 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Сон Жинь” компанийн Гёнги аймгийн Ансон хот дахь салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдтэй уулзаж, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
🔵БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв “Сон Жинь” компанийн салбарын удирдлагууд, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, Сөүл хотын цагдаагийн газраас гадаад ажилчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
🔵“Сон Жинь” компанийн Генги аймгийн Ансон хот дахь салбар нь Е9 визтэй монгол ажилчдыг олноор сонгож ажиллуулдаг үйлдвэрийн нэг бөгөөд ажилчдын амьдрах байрны асуудлыг тохь тухтайгаар шийдэж өгсөн, гадаад ажилчдаа хуваарь гарган жил бүр эх орон руу нь явуулж амраадаг, ажилчин ажлын байр солих хүсэлтээ гаргасан тохиолдолд харилцан ярилцаад шийдэж өгдөг гэх зэргээр гадаад ажилчдад аль болох зөөлөн бодлого барьж үйл ажиллагаагаа явуулдгаа танилцуулсан.
🔵Мөн салбар хариуцсан захирал Хань Ги Гуан, хэлтсийн дарга Ким Гым Дань нар “Монгол хүмүүс ажилд сайн, тийм учир бид гадаад ажилчдаас монгол хүнийг түлхүү сонгож ажилд авдаг. Монгол ажилчдыг авч ажиллуулсан олон жилийн туршлагатай, анх ажиллаж байсан монгол иргэд хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулсан тухайгаа сонирхуулах зэргээр байнга холбоотой байдаг” гэсэн юм.
🔵Төвийн дарга Б.Жаргалмаа монгол ажилтнуудыг авч ажиллуулж, амьдрах байр, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд анхаарал тавин ажиллаж буй компанийн удирдлагуудад талархлаа илэрхийлээд цаашид эргэх холбоотой байж, монгол ажилчдыг байнга сонгож, дэмжин ажиллаж байхыг хүслээ. Мөн хөдөлмөрийн гэрээт иргэдээ эрүүл мэнд, амь насаа сахин хамгаалж, ажил амралтаа зөв зохицуулж, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авч төвтэйгөө байнга холбоотой байгаарай гэлээ.
🔵Уулзалтад тус үйлдвэрт Е-9 визээр ажиллаж буй 11 иргэн оролцож, ажил байдлаа танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцсан. Тэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч залууст тулгамдаж буй асуудлын нэг нь хэлний бэрхшээл учраас солонгос хэл сурмаар байгаагаа илэрхийлэв.
🔵Хөдөлмөрийн атташе Б.Батжаргал, төвийн дарга Б.Жаргалмаа нар хөдөлмөрийн гэрээт иргэдийн чөлөөт цагийг тааруулан цахим солонгос хэлний сургалтыг зохион байгуулах боломжийг судлахаар боллоо.