Төвийн албан хаагчид “Уур амьсгалын ногоон сан”-гийн үйл ажиллагаатай танилцав
2025-04-28
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дэлхийн “Уур амьсгалын ногоон сан”-д зочиллоо. Тус сангийн Гадаад харилцааны газрын дарга С.Оюун, Хуулийн хэлтсийн дарга Ж.Баярцэцэг нар төвийн албан хаагчдыг хүлээн авч ажлын байр, үйл ажиллагаагаа танилцуулав.
🟢Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийн гишүүн 194 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.
🟢Монгол Улс Уур амьсгалын ногоон сантай 2019 оноос идэвхтэй хамтран ажиллаж, 2019-2023 онд хөгжлийн 20 төслийг 460 сая америк долларын хүрээнд батлуулсан. Одоогийн байдлаар энэ төслүүдийн гуравны нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
🟢Уур амьсгалын ногоон сан нь 2024-2027 онд 12 тэргүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
🟢Сонирхуулахад, дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0,09 хувь нь Монгол Улсад хамаарч байна гэж үздэг. Үүний 50 хувийг эрчим хүч, 30-40 хувийг хөдөө аж ахуйн салбарт ялгаруулж буй хүлэмжийн хий эзэлдэг байна.