Хөдөлмөрийн гэрээт иргэдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн хичээл нэмж оруулахаар сургалтын цагийг уртасгах санал тавилаа
2025-02-28

2025 оны 2 сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сангийн Ёжү дахь Олон улсын сургалтын төвийн Гадаад ажиллах хүч хариуцсан хэлтсийн дарга Ким Жэхёнтой уулзаж тус төвд ирсний дараах сургалтад хамрагдаж буй Монгол Улсын гэрээт иргэдэд ХНХҮТ-өөс хийж буй сургалтын цагийг уртасгах хүсэлт тавилаа. Ирсний дараах сургалтын цагийг уртасгавал ХНХҮТ-ийн сэтгэл зүйч шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд гадаад оронд түргэн дасан зохицох, ганцаардалтыг даван туулах, ажлаас халшрах хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлэх гэх зэрэг сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж байх юм. Уулзалтад оролцогчид энэ хичээлийн ашиг тусыг маш чухал зүйл хэмээж, цагийн зохицуулалтыг авч үзэхээр боллоо. Мөн иргэдийн олгогдоогүй цалин хөлсний асуудалд хөдөлмөрийн өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэх, гэрээт иргэдийн холбогдолтой аливаа асуудлаар хамтран ажиллахад нээлттэй гэдгээ Ёжү дахь олон улсын сургалтын төвөөс илэрхийлэв.

Тус төв нь 2004 онд гадаад ажилчдын сургалтын төвөөр сонгогдон вьетнам, монгол ажилчдад сургалт хийж анхны ажлаа эхлүүлж байжээ. 2024 оныг дуустал үйлдвэр, үйлчилгээний салбарт ирж буй ажилчдад сургалт зохион байгуулж байгаад 2024 оны 11 сараас үйлдвэрлэлийн салбарт ажиллах гадаад иргэдэд дагнасан сургалтыг хийж буй 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн байгууллага юм.