Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2025 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхээр танхим, цахим, утас болон факсаар хандсан нийт 421 иргэний санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, ажил олгогч эзэд болон холбогдох бусад байгууллагуудтай харилцан зөвшилцөх, эвлэрүүлэн зуучлах, гомдол барагдуулах, орчуулга хийх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэн, асуудлыг шийдвэрлэн ажиллав. Тус ажлын үр дүнд үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн төлбөр, олгогдоогүй хойшлогдсон цалин хөлс, 13 дахь сарын цалингийн зөрүү нэхэмэжлэх зэргээр нийт 96,535,368 воныг Монгол Улсын 49 иргэнд олгууллаа.
Мөн 788 иргэн, даатгуулагч, ажил олгогчид утсаар болон танхимаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас буцаан олголт авах талаар болон бусад төрлийн мэдээлэл, заавар, зөвлөгөө өгч ажиллав.
Төвийн сэтгэл зүйч ганцаарчилсан сэтгэл засал 14 хүнд, нойргүйдэл, сэтгэл гутрал болон сэтгэл түгшилт илрүүлэх сорилыг 31 хүнд хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.