Өршөөлийн аяны хугацааг 2025 оны 1 сарын 31-ийг хүртэл сунгав
2024-11-29

БНСУ нь хууль бусаар оршин суухын эсрэг тэмцэх 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр буцаах “Өршөөлийн сар”-ыг 2024 оны 9 сарын 30-аас 11 сарын 30-ныг хүртэл зарлаад хэрэгжүүлж байсан. Тэгвэл Хууль зүйн яамнаас энэ хугацааг сунгаж 2024 оны 12 сарын 1-ээс 2025 оны 1 сарын 31-ийг хүртэл үргэлжлүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.

Энэ хугацаанд сайн дураар нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх, хилээр ахин нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх юм. Гэхдээ өршөөлийн аян анх зарлагдсан 2024 оны  9 сарын 30-аас хойш хууль бус болсон иргэд хамрагдах боломжгүй аж.

Визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаад сайн дураар нутаг буцах бол явах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ хийнэ.

Мэдэгдэл хийхэд шаардагдах бичиг баримт: Гадаад паспорт, сайн дураар нутаг буцах мэдэгдлийн маягт

Холбоотой мэдээлэл, зөвлөгөөг манай төвийн 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсаар аваарай.

Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба