2024 оны 09 дүгээр сарын байдлаар Монгол Улсын 2312 иргэн хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээт иргэдийнхээ эрх зүйн байдлыг ахиулах, тогтвортой баталгаатай нөхцөлөөр оршин суухад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ удаад бид Солонгосын Хууль зүйн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын албаны 1345 лавлах төвийн зөвлөх Ц.Цэнд-Аюуштай Ур чадвартай ажилчны Е-7-4 визний асуудлаар ярилцлаа.
- Урилга хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Эхлээд уншигчдадаа ур чадвартай ажилчны Е-7-4 визний талаар мэдээлэл өгнө үү.
Е-9 гэрээний визний хувьд хугацаатай, 4 жил 10 сар болоод тогтвортой нөхцөлөөр дахин 4 жил 10 сар, нийт 2 удаагийн ирэлтээр л хугацаа нь дуусдаг виз юм. Иймд сүүлийн үед Е-9 визээр ажиллах боломжит хугацаагаа дуусгаад шууд буцаад явчих биш энд хийж байсан ажилдаа тогтворжсон мэргэжилтэн болсон учраас Е-7-4 виз рүү солих нь их болсон. Е-7-4 виз нь тогтвортой, хийж байгаа ажилдаа ур чадвартай, ур чадвараа үнэлүүлж мэргэшсэн гэдэг мэргэжлийн нөхцөлтэй болдгоороо давуу талтай. Одоогийн албан газартаа суурьшин 2 жилийн гэрээ байгуулж, тодорхой болзлуудыг хангаж байвал ангиллаа солиод тогтвортойгоор ажиллаж болдог виз юм.
- Е-7-4 визний шалгуур үзүүлэлт, оноо тоолох системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
Ерөнхий шалгуур гэж бий. Одоогийн албан газартаа Е-9 гэрээний визээрээ 4-өөс дээш жил ажилласан байх ёстой. Хэрвээ явцын дунд нь ажлын байраа сольсон бол одоогийн албан газартаа 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан тохиолдолд мөн виз мэдүүлэх эрхтэй. Мөн тухайн байгууллагадаа хойшид мэргэшсэн ажил үүргээрээ 2 жил ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ цалингийн хэмжээ нь жилийн 26 саяас дээш байхаар гэрээнд тусгахыг анхаараарай. Онооны системийн хувьд суурь босго оноо гэж бий. Тодруулбал, нийт 300 онооноос 200-аас дээш онооны нөхцөлийг хангасан тохиолдолд, тэр 200 оноон дотроо хэл болон орлогын хэмжээн дээрээс 50, 50 онооны нөхцөлийг хангаж байвал Е-7-4 рүү сольж болдог нөхцөл шалгуурууд байгаа.
- Тус визийг мэдүүлэхээр оноо тоолох үед нэмэлт оноо авах нөхцөлүүд байдаг. Эсрэгээр нь хасах тохиолдлууд ч бий шүү дээ. Энэ талаар?
Ямар тохиолдолд нэмэх оноо эсвэл хасах оноо авч болох нь хүн тус бүрийн кэйс дээр өөр өөр байдаг. Нэмэлт онооны хувьд жилийн орлого, солонгос хэлний чадвар, нас, байгууллага, ажиллаж байсан дадлага, бүс нутгийн хамрагдах байдал зэргээс шалтгаалж оноо бодогдоно. Жишээ нь ажил олгогчийн тодорхойлолт авсан байх, эсхүл ажиллаж байгаа байгууллагын харьяа дээд яамны тодорхойлолтыг авсан тохиолдолд нэмэлт оноо авах боломжтой. Одоогийн ажиллаж байгаа байгууллагадаа 3 жилээс дээш тогтмол ажилласан бол нэмэлт оноог бас олгож болно. Дээрээс нь хүн амын сийрэгжилттэй нутаг бүсэд болон засаг захиргааны хамгийн бага нэгж болох баг, бригад зэрэгт 3 жилээс дээш ажилласан бол нэмэлт оноо авах боломжтой.Түүнчлэн одоогийн ажиллаж байгаа байгууллагадаа холбогдох чиглэлээр улсын хэмжээний мэргэжлийн үнэмлэх авсан тохиолдолд нэмэлт оноо авч болно. Солонгост их дээд сургуулийг коллежоос дээш нөхцөлөөр суралцаж төгсөх юм уу Солонгос улсын цагдаагийн газраас зөвшөөрөл авсан жолооны үнэмлэхийг эзэмших юм бол нэмэлт оноо авдаг.
- Албан газраасаа гадна яам, засаг захиргааны нэгжээс тодорхойлолт авах боломжтой гэлээ. Илүү тодруулж өгөхгүй юу?
Ерөнхийдөө авч болох тодорхойлолтын хувьд 3 янзын тодорхойлолт байдаг. Эхнийх нь ажиллаж байгаа албан газраасаа буюу компанийн захирлаас авах 추천서 гэж байгаа. Энэ тодорхойлолт нь зайлшгүй авах ёстой тодорхойлолт ба 50 оноо авна. Хоёрдугаарт, 재지역 үйлдвэр бол ажиллаж байгаа бүсийнхээ노동부-аас ч юм уу, холбогдох яамдынхаа тодорхойлолтыг авснаар нэмэлт 30 оноо авч болно. Амьдарч байгаа засаг захиргааныхаа нэгж бүсээс 추천서 тодорхойлолтоо авч бас болно. Энэ сүүлийн 2 тодорхойлолтын хувьд ажил олгогчийн тодорхойлолтоос авч байгаа 50 онооноос гадна нэмэлтээр аль нэгээр нь д 30 оноог авах боломжтой. Өөрөөр хэлбэл давхардуулан оноо олгохгүй. Засаг захиргааны нэгжээсээ 추천서 тодорхойлолт авч байгаа тохиолдолд хувь хүн өөрөө хүсэлт гаргана. Гэхдээ албан байгууллага нь яам болон засаг захиргааны нэгж рүү мэдэгдэл давхар өгөх ёстой.
- Бусад үзүүлэлт нь болзол хангасан ч орлого хүрэхгүй байх харамсалтай тохиолдлууд гардаг. Ийм нөхцөлд ямар нэг хөнгөлөлт, боломж байдаг уу?
Сүүлийн 2 жилийн дундаж орлогыг бодож үзээд 1 жилд ногдох дундаж орлого 25 саяас дээш хэмжээнд хүрч байх шаардлагатай. Энэ хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд сүүлийн 5 жилийнхээ аль өндөр байгаа 2 жилийг сонгож авч болдог. Ихэвчлэн Е-9 визээр ажиллаж байгаад нутаг буцан, дахин орж ирэх үеийн хооронд орлого тасалдсанаас ийм асуудал үүсэх нь бий. Тиймээс тэр хугацааг өөр 2 жилээр орлуулдаг арга байна гэсэн үг.
- Орлогын хувьд ийм байх нь. Насны оноог бол яах ч аргагүй. Тэгвэл хэлний оноо үлдэж байна. Е-7-4 виз рүү солих хүсэлтэй иргэдийн хамгийн их бүдэрдэг шаардлага гээд хэлчихэд буруудахгүй байх. Тэгэхээр хэлний оноог хэрхэн цуглуулах вэ?
Анхны жилүүдэд Е-7-4 визийг тодорхой хугацаатайгаар туршилтын журмаар явуулсан ба энэ үед зөвхөн ТОПИК-ийн үзүүлэлтээр л хэлний оноо тооцогддог байсан. Таатай мэдээ нь сүүлийн 4, 5 жилийн хугацаанд шалгууруудаа өргөжүүлж, авдаг кодоо ч нэмэгдүүлж байна. Арай өргөн хүрээг хамруулахын тулд хэлний түвшинг ч гэсэн өргөсгөсөн. ТОПИК-II зэрэгтэй хүн эсхүл Нийгмийн нэгдсэн хөтөлбөр буюу 사회통합프로그램 гэж Хууль зүйн яамнаас зохион байгуулдаг 한군이민지단 гэдэг тусгай газар удирдаж явуулдаг сургалтын II дугаар түвшнийг дүүргэсэн тохиолдолд ур чадвартай ажилчны визийг мэдүүлж болно. Мөн Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн түвшин тогтоох шалгалтыг өгөөд 41-ээс дээш оноо авч II-т тэнцсэн, III түвшиндээ суух зөвшөөрөл авсан бол орлуулж болдог арга бий.
- Хэлний шалгалтын хүчинтэй хугацаа нь ямар байдаг вэ? Нийгмийн нэгдсэн хөтөлбөрөөс авсан оноог хугацаагүй ашиглаж болдог нь үнэн үү?
ТОПИК 2 жилийн хугацаанд хүчинтэй ба энэ хугацаа нь дуусчих л юм бол Цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн хувьд бол түвшин тогтоох шалгалтыг өгсөн тохиолдолд 2 жилийн хугацаатай ба тэр хугацаандаа тохирсон шатны сургалтдаа хамрагдаж төгсөн гэрчилгээ авсан тохиолдолд хүчингүй болох хугацаа гэж байхгүй учраас цаашид ашиглаад явж болно. Энэхүү сургалт нь нийт 5 үе шаттай. V түвшинд суугаад 연주인종합평가 гээд нэгдсэн шалгалтыг өгч 60-аас дээш оноо авсан тохиолдол энэ сургалтыг бүрмөсөн дүүргэчихлээ гэж үзнэ. Ер нь энэ сургалтыг V түвшин хүртэл нь ямар ч байсан суучих хэрэгтэй. Учир нь III түвшин төгссөн хүний хувьд бол тэр дүйцүүлсэн оноогоо л дараагийн виз сунгалтдаа ашиглах боломжтой. Е-7-4 виз маань насаараа дүйцүүлж оноо авдаг учраас оноо буурна уу гэхээс өснө гэсэн ойлголт ховор байдаг. Тэгэхээр аяндаа насан дээрээс оноо хасагдаад, ямар нэг хуулийн зөрчлөөр хасах оноо авчих ч юм уу тийм тохиолдолд энэ хэлний оноогоор нөхөж болно шүү дээ.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд маань цаг зав багатай тул шалгалтад бэлдэхэд хүндрэлтэй асуудлууд гардаг. Та хэлний шалгалт, ялангуяа Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн түвшин тогтоох шалгалтад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгөөч.
Түвшин тогтоох шалгалтын хувьд Хууль зүйн яамнаас юм уу, иммэгрэйшнээс гаргасан гарын авлага гэж байдаггүй. Хэрвээ гарын авлага болгож ашиглая гэвэл өмнөх түвшин тогтоох шалгалтын тестүүдийг нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн 사회통합정보망 буюу https://www.socinet.go.kr/ сайтын өөрийгөө шалгах гэсэн хэсгүүдийг ажиллаж үзээд ерөнхий багцаа авч болно. Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийг биш солонгос хэлний ерөнхий чадварыг л шалгаж байгаа учраас ТОПИК-ийн гарын авлагуудыг ашиглаарай гэж зөвлөе.
- Тэгвэл хасах онооны нөхцөлийг тодруулъя. Е-7-4 визийг мэдэгдэх боломжгүй хязгаарлалт бас байдаг гэж сонссон.
Тийм. Солонгост хууль дүрэм зөрчиж байсан, 1 саяас дээш торгуулийн нөхцөлүүдтэй бол хязгаарлалт бий. Энэ хэмжээ өмнө нь 500 мянган вон байсан Тэгэхээр арай хөнгөрсөн нөхцөл гэж ойлгож болно. Хасах онооны хувьд сүүлийн 10 жилийн зөрчлөөр 50 хүртэлх оноог хасдаг. Татвар төлбөрийн өр, даатгалаас шалтгаалан визний хязгаарлалт авсан тохиолд 15 хүртэлх оноог хасна. Торгууль зөрчлийн хувьд иммэгрэйшний хууль дүрмийн зөрчлийн тоо, хэмжээнээс шалтгаалж мөн 15 хүртэлх оноог хасдаг.
- Дээрх бүх болзол нөхцөлөөр Е-7-4 визийг мэдүүлэх боломжтой гэж үзвэл юу бүрдүүлж, хаана хандах вэ?
Мэдэгдлийг https://www.hikorea.go.kr/ сайтаар онлайнаар гаргана. Энэ жилийн хувьд 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Гэхдээ эрт квот нь дууссан нөхцөлд эрт хаагдах ч боломжтой. Тэгэхээр hikorea сайт дээр өөрийнхөө нэрээр ID-тай байх ёстой. ID-гаараа login хийж, 민원신청 хэсэг рүү ороод 전자민원 хэсгийн 체류자격 변경허가 руу орж мэдэгдлээ өгнө. Төрсөн оны төгсгөлөөс шалтгаалаад гарагуудад хуваана. Жишээлбэл, 1 болон 6-аар төгссөн онд төрсөн хүн даваа гарагт, 2 болон 7-оор төгссөн бол мягмар, 3 болон 8-аар төгссөн бол лхагва, 4 болон 9-өөр төгссөн бол пүрэв, 5 болон 0-ээр төгссөн бол баасан гарагт мэдэгдлээ гаргана. Анхаарах хэдэн зүйлс бий. Онлайнаар мэдэгдэл өгөхдөө баримт бичгийг дарааллын дагуу өгөх ба хоосон файл илгээж болохгүй. Бүрдүүлэх баримт нь нэгдүгээрт, 통합신청서 иммэгрэшний анкет, пасспортны хуулбараа файлаар явуулах ёстой. Пасспортны хувьд хувийн мэдээлэл байгаа хэсгээ л зургаар дараад оруулчихаж болно. Ойрын 6 сард авхуулсан 3.5х4.5 хэмжээтэй арын фон нь цагаан өнгөтэй, эгц харсан зургаа оруулна. Оноогоо баримт болгохдоо 점수제 자체 심사표 гэсэн албан ёсны маяг дээр өөрт хамааралтай оноогоо нэг бүрчлэн, check-лэнэ. Дараа нь 신상 기술서 гэсэн албан ёсны маягтыг мөн бөглөнө. Хөдөлмөрийн гэрээг хүмүүс буруу хийчихээд буцаагддаг тохиолдлууд бий. Хөдөлмөрийн гэрээний маягт нь тусгай иммэгрэйшний маягт байдаг гэдгийг анхаараарай. Мөн гэрээг эхлэх хугацаа нь виз мэдүүлж байгаа өдөртэй адил байна. Сүүлийн 2 жилийн орлогын баримт бичиг хэрэгтэй. https://hometax.go.kr/ сайтаас онлайнаар, эсвэл татварын хэлтсээс 소득금액증명원 аваад өгч болно. 소득금액증명원 нь жил бүрийн 5 сараас хойш гардаг тул түүнээс өмнө виз мэдүүлэх тохиолдолд татварын хэлтэстээ мэдэгдсэн компанийн мэдээллээр орлуулж болно. Солонгос хэлний чадварын баримтыг 6 дугаарт оруулна. Дараа нь 신원보증서 буюу батлан даалтын маягт гэж бий. Батлан даалтыг ажил олгогчийн зүгээс зайлшгүй хийсэн байх шаардлагатай ба зөвхөн захирлаараа бичүүлж байж хүчин төгөлдөр гэж үздэг. Дээд тал нь 4 жилийн хугацаагаар хийж болдог ч хөдөлмөрийн гэрээндээ тааруулаад 2 жилээр хийх тохиолдол цөөнгүй байдаг. Гэвч 2 жилийн гэрээтэй атлаа батлан даалтаа 1 жилээр хийчихсэнээс болоод виз татгалзах тохиолдлууд ч байдаг тул анхаарах хэрэгтэй. Наймдугаарт, 사업자동록증 бас шаардлагатай байдаг. Үйлдвэрлэл үйлчилгээний эрхийн бичиг гэсэн үг. Мөн байгууллагын найдвартай байдлыг шалгахын тулд 3 төрлийн татварын баримтыг авдаг. Тухайн байгууллагын Солонгос ажилчны тооноос хамааран тодорхой хувьд нь Е-7-4 визийг гадаад хүн мэдүүлж болдог. Тэгэхээр хэдэн хүн ажиллаж байгаа гэдгийг харахын тулд зайлшгүй даатгуулах 4 даатгалд тухайн компани хэдэн хүнийг хамруулж байгаа тухай жагсаалтыг авдаг. Мөн 고용보험 사업장 자격 추천자 명부 гэдэг материал бий. Энэ нь компани хаалгаа барих юм уу, ямар нэг гэнэтийн нөхцөлд ажилгүйдлийн даатгалыг ажилтнууддаа олгохоор байна уу гэдгийг харуулах ба жагсаалтыг мөн адил хавсаргах ёстой. Ингээд эцэст нь 고용기업 추천서 байгаа. 추천서-г ажил олгогч бичих ба захирлын үнэмлэхийн хуулбар бас хэрэгтэй. Энэ 12 хүртэлх тооны баримт бичгийг яагаад дугаараар нь хэлээд байна вэ гэвэл яг энэ дарааллаар нь файлаа оруулах шаардлагатай. Манай 1345 төвөөс энэ дарааллаар нь факс юм уу утсаар илгээж өгдөг тул санаа зоволтгүй. Тэндээс маягтаа татаж аваад ашиглаж болно. Эдгээр нь зайлшгүй 필수 баримт бичиг ба ур чадвар эзэмшсэнийг үнэлэх диплом, сургалтын гэрчилгээ, жолооны үнэмлэх нэмэлт баримтаа бас дарааллын дагуу оруулах шаардлагатай.
- Тэгвэл Е-7-4 визний давуу болон сул талын талаар ярилцлагаа үргэлжлүүлье.
Давуу тал нь тогтмол ажилтай, дээрээс нь хөдөлмөрийн доод хөлснөөс арай дээгүүр үнэлгээтэйгээр мэргэшин ажиллах боломж юм. Түүнээс гадна Е-9 визний хувьд гэр бүлийнхнээ урих боломжгүй бол Е-7-4 авсан тохиолдолд гэр бүлийн хүн, насанд хүрээгүй хүүхдүүдээ Солонгост авчраад гэр бүл тогтвортойгоор ажлаа хийх, суурьшаад амьдрах боломжтой. Монголчуудын хувьд гэр бүлээ дагалднаар авчраад хүүхдээ Солонгосын улсын үнэгүй сургуульд сургачихна, гэр бүлээрээ сэтгэл амар ажиллаж амьдрах боломж гэж харан энэ визийг маш их авч байгаа, сонирхож ч байгаа. Сул тал гэхээсээ илүү анхаарах асуудал байна. Е-9 визэн дээр ажлын санал аваад л дараагийн байгууллагыг 3 хүртэлх удаа сольж болдог боломж байдаг. Гэтэл Е-7-4 виз нь тухайн байгууллагадаа заавал гэрээний 2 жилээ гүйцээж ажиллах ёстой. Мөн санамсаргүй алдаа, хөнгөн байдлаасаа болж хэрэг төвөгт орооцолдох, аар саархан зөрчлүүдээс болоод оноогоо хасуулж сунгалтан дээрээ хязгаарлалт үүсчихдэг байдлыг анхаарах хэрэгтэй.
- Гэр бүлийнхээ урих талаар иргэд их сонирхдог. Дагалдан виз мэдүүлэхэд анхаарах асуудал нь юу вэ?
Өмнө дурдсанчлан 19 хүртэлх насны хүүхдээ болон эхнэр, нөхрөө дагалднаар авах авах боломжтой. Монгол дахь Солонгосын элчингээс F-3 дагалдан виз авч орж ирдэг. Бүрдүүлэх баримтыг тэндээс тодруулах нь зөв. Харин бусад визний дагалдангаас онцлог нэг өөр зүйл нь гэр бүлийнхнээ урихад 20 сая воноос дээш хэмжээний хадгаламж банкны баталгаатай байх ёстой. Зөвхөн урихад хэрэгтэй, сунгалт хийлгэхэд шаарддаггүй.
- Бас нэг санаа зовдог асуудал нь ажлын байр солих асуудал байдаг. Е-9-өөс ажлын байр солиход 90 хоногийн хугацаа өгдөг бол Е-7-4 богино хугацаа олгодог шүү дээ. Дараагийн ажлаа олоогүй эсвэл оноо нь хүрээгүй сунгуулж чадаагүй нөхцөлд асуудлыг яаж шийдэх вэ?
2 жил ажиллаад гэрээгээ тухайн байгууллагатай сунгаагүй тохиолдолд дадлагажсан мэргэжлээрээ дадлагажсан местэн дээрээ дараагийн албан газарт орно. Дараагийн ажлын байрыг олох хүртэл иммэгрэйшнээс 30 хоногийн хугацаа өгнө. Тэр хугацаандаа олж чадаагүй тохиолдолд D-10 ажил хайх виз рүү солих хүсэлт гаргаж болдог. Тус виз нь 3, 3 сараар дээд тал нь 6 сарын хугацаанд оршин суух эрхтэй.
- Сүүлийн асуулт. Манай байгууллагын хувьд ч та бүхний хувьд ч Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, болж өгвөл ахисан түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг шүү дээ. Тэгэхээр Е-9 визтэй гэрээт ажилчдаа Е-7-4 ур чадвартай ажилчны виз рүү хөрвүүлчихлээ гэхэд цаашид өөр ямар боломж тэдгээр иргэдэд байж болох вэ?
Е-7-4-ийг авчихаад дараагийн виз рүү сольж болох илүү давуу визний төрөл гэх юм бол F-2-99 байна. Энэ виз нь Е-7-4 визээр 5 жил болсны дараа сольдог нөхцөлтэй. Үүнд орлогын хэмжээ чухал. Орлогын хэмжээ нь улсаас заасан 최저 임금 гээд цалингийн доод хэмжээнээс 12 дахин илүү жилийн орлогын нөхцөлтэй байх шаардлагатай. Мөн Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт III түвшин хүртэл нь суучихсан байх ёстой. Дагалдантай хүмүүсийн хувьд орлогын хэмжээ өөр байдаг. Тодруулбал, тухайн мэдэгдэж байгаа жилийн өмнөх жилийнх нь GNI буюу Gross National Income нэг хүн ноогдох жилийн орлогын хэмжээг 1,5 дахин орлогын хэмжээ шаарддаг. F-2-99-өөс гадна F-5 буюу 영주권 байнгын оршин суух виз авч болдог нөхцөл байгаа. 영주권-ний хувьд бол Е-7-4-өө авчихаад 5 жилээс дээш болсон байх ёстой. Орлогын хэмжээ нь GNI 2 дахин илүү байх нөхцөлтэй. Өөр нэг томоохон шалгуур нь Солонгост их дээд сургууль төгссөн байх ёстой гэсэн шалгуур байгаа. Энэ нөхцөлүүдийг хангасан тохиолдолд Е-7-4-өөрөө 5 жил болоод F-5 виз бас мэдэгдэж болно.
- Ярилцсанд баярлалаа. Солонгос дахь Монголчуудаа хэрэгцээт мэдээллээр хангадаг таны ажилд амжилт хүсье.
Баярлалаа.