Мэргэжлийн бус ажиллах хүчний визээр ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт ажилтан нь дараах 4 төрлийн даатгалыг заавал хийлгэдэг. Эдгээрийн 2-ын шимтгэлийг ажил олгогч, 2 даатгалын шимтгэлийг ажилтан өөрөө хариуцан төлдөг. Даатгалуудын гол агуулгыг танилцуулъя.
Ажлаас гарсны дараах даатгал: Үндсэн цалингийн 8,3 хувийг сар бүр ажил олгогч төлнө. Нэг үйлдвэртээ нэг жилээс дээш ажилласан гадаад ажилчинд нутаг буцах болон /түр явж ирэх хамрагдахгүй/ нас барсан, визний ангилал өөрчилсөн тохиолдолд даатгалын мөнгийг олгодог. 1 жилээс доош ажилласан тохиолдолд ажил олгогчид шилжүүлэгдэнэ. Анхаарах зүйл: Чөлөө авсан хугацаагаа тооцоогүйгээс 12 сарын хугацаанд бүрэн хүрэхгүй ажлаас гараад даатгалын мөнгийг авах эрхгүй болдгийг анхаарах хэрэгтэй.
Цалингийн баталгааны даатгал: Даатгалын төлбөр нь 4 жил 10 сард 66300 вон бөгөөд ажил олгогч нэг удаа төлнө. Даатгалын байгууллага нь дампуурсан ба цалингаа авч чадаагүйг тодорхойлсны үндсэн дээр 1 сарын дотор олгогдоогүй цалинг /7 сая вон хүртэл/ шилжүүлдэг.
Буцах зардлын даатгал: Гадаад ажилчин нутаг буцах зардлаа бэлтгэж хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор бүртгүүлдэг, ажилтан өөрөө шимтгэлийг төлдөг даатгал. Улс орнуудын газар зүйн байрлалаас хамраарч 400-600 мянган воныг 1 удаа юм уу, эсвэл 3 удаа хуваагаад төлж болно. Монгол Улсын иргэн 500 мянган вон төлдөг. Оршин суух эрхийн хугацаа дуусаж нутаг буцах, хувийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө нутаг буцах /1 удаа нутаг буцах хамаарахгүй/, үйлдвэрээ орхиж явсан ажилчин болон сайн дураараа нутаг буцагч, албадан нутаг буцагч нар бүгд буцааж авна.
Гэнэтийн ослын даатгал: Гадаад ажилчин нь ажлын бус шалтгаанаар нас барах буюу хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг тохиолдолд нөхөн олговрыг олгодог даатгал. Ажилтан 15 хоногт багтаан даатгуулна. Хөдөлмөрийн гэрээний хугацааг даатгалын хүчинтэй хугацаа гэж үзэх бөгөөд давтан гэрээ хийх тохиолдолд гэнэтийн ослын даатгалд дахин хураамж төлнө. Нас, хүйс харгалзаж ойролцоогоор 12-20 мянган воныг 1 удаа төлнө.